“SUMMER FESTIVAL” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-06-08
“SUMMER FESTIVAL” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Монгол Улсын Консерваторийн Морин хуурын тэнхим хамтран 2026 оны 06 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд “SUMMER FESTIVAL” нэртэй морин хуур хөгжмийн тоглолт, урлагийн арга хэмжээг 2 өдрийн турш үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. 

Энэхүү арга хэмжээ нь үндэсний уламжлалт өв соёлын нэгэн чухал илэрхийлэл болох морин хуур хөгжмийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд мөн морин хуурын чиглэлээр суралцаж буй оюутан, сурагчдын хөгжимдөх ур чадварыг хөгжүүлэх, тайзны туршлага олгох ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна. Түүнчлэн хүүхэд, залуучуудыг үндэсний урлаг, соёлд татан оролцуулах, соён гэгээрүүлэх, урлагийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болох юм.

Тоглолтын үеэр Монгол Улсын Консерваторийн морин хуурын тэнхимийн багш, оюутан, суралцагчид оролцож, морин хуурын сонгодог болон уламжлалт бүтээлүүдийг толилуулах бөгөөд үндэсний хөгжмийн урлагийн баялаг өвийг харуулсан олон төрлийн уран бүтээл үзэгчдийн хүртээл болно.