ДЭЛХИЙГ НЭГТГЭХ 39 ХОНОГ

2026-06-08
ДЭЛХИЙГ НЭГТГЭХ 39 ХОНОГ

Хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил түүхэндээ хамгийн өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна. АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс хамтран зохион байгуулах 2026 оны ДАШТ нь зөвхөн газарзүйн хувьд төдийгүй оролцогчдын тоо, тоглолтын хуваарь, шагналын сан зэрэг бүх үзүүлэлтээрээ шинэ эрин үеийг эхлүүлж байна.

Энэ удаагийн тэмцээнд өмнөх 32 багийн оронд 48 шигшээ баг өрсөлдөх бөгөөд нийт 104 тоглолт явагдана. Ийнхүү дэлхийн хамгийн алдартай спортын наадам урьд өмнөхөөсөө илүү олон улс орон, илүү олон хөгжөөн дэмжигчийг нэгэн дор нэгтгэх гэж байна. ДАШТ зургадугаар сарын 11-нд эхэлж, долдугаар сарын 19-нд аваргаа тодруулах юм.

2026 оны ДАШТ-ий бас нэгэн онцлог нь шинэ түүх бүтээх багуудын тоо нэмэгдсэн явдал. Иордан, Узбекистан, Кюрасао, Кабо Верде зэрэг улсууд анх удаа Дэлхийн аваргын шигшээ тэмцээнд шалгарсан нь олон жилийн турш дэлхийн хөлбөмбөгт өнгө тодорхойлж ирсэн багуудын дунд шинэ өрсөлдөгчид гарч ирж буйн илрэл болж байна.Мөн Австри, Норвеги, Шотланд, Турк зэрэг багууд олон жилийн дараа эргэн ирж, хуучин алдар нэрээ сэргээх боломжийн төлөө өрсөлдөхөөр болжээ.

Харин аваргын төлөөх өрсөлдөөний тухайд уламжлалт хүчирхэг багуудын ноёрхол үргэлжилнэ гэсэн хүлээлт өндөр байна. Одоогийн байдлаар Аргентин, Франц, Бразил, Англи, Испани, Герман, Португал зэрэг багуудыг гол фаворитуудад тооцож байгаа бөгөөд дэлхийн шилдэг одод болох Лионель Месси, Килиан Мбаппе, Харри Кэйн, Криштиану Роналду нарын оролцоо тэмцээний үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Тэдний заримынх нь хувьд энэ нь Дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн байх магадлалтай тул хөгжөөн дэмжигчид онцгой анхаарал хандуулж байна.

Сүүлийн өдрүүдэд багуудын бэлтгэл ажил эрчимжиж, шигшээ багууд Хойд Америкийн өнцөг булан бүрт байрлах баазуудаа сонгон байрлаж эхэллээ. 

Мөн энэ удаагийн тэмцээний шагналын сан өмнөх Катарын ДАШТ-ээс бараг 50 хувиар өсөхөөр болсон нь тэмцээний эдийн засгийн цар хүрээг харуулж байна. Ингэснээр 2026 оны ДАШТ нь спортын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой, хамгийн өндөр шагналтай тэмцээнүүдийн нэг болох төлөвтэй байна.

Хөлбөмбөгийн ертөнц ийнхүү шинэ эринд шилжиж байна. Илүү олон баг, илүү олон тоглолт, шинэ одод, шинэ түүхүүд, шинэ мөрөөдлүүд. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зөвхөн аваргаа тодруулах бус, улс үндэстнүүдийн бахархал, сая сая хүний хүсэл мөрөөдөл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зөвхөн аваргаа тодруулах бус, улс үндэстнүүдийн бахархал, сая сая хүний хүсэл мөрөөдөл, спортын өрсөлдөөний оргил мөчүүдийг нэгэн дор цуглуулдаг дэлхийн хамгийн том баяр хэвээр үлдэх болно. Одоо дэлхий нийт нэг л зүйлийг хүлээж байна. Дараагийн дэлхийн аварга хэн байх вэ?