ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЛУУРАЛ АЙСУЙ...

2026-06-13
ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХАЛУУРАЛ АЙСУЙ...

Хэдхэн жилийн өмнө газрын ховор элемент гэх нэр томьёо зөвхөн геологич, химичдийн хүрээнд л яригддаг байв. Харин өнөөдөр дэлхийн эдийн засаг, геополитик, шинэ технологийн өрсөлдөөний гол цөмд орж иржээ.

1848 онд алт, 1859 онд газрын тос дэлхийг хөдөлгөж байлаа. Харин 2020-иод оноос газрын ховор элемент гэх нэр томьёо геополитикийн өрсөлдөөний эргэлтийн гол цэг болох нь тэр. Яагаад... Шинэ цагийн алт эсвэл газрын тос уу гэж гайхаж эргэлзэх нь ч байна.

АНУ-Хятадаас худалдааны дайн энгийн нэг гаалийн татварын маргаанаас үүдэлтэй гэж бодож байвал та эндүүрч байна. Үүний ард нөгөө л газрын ховор элемент буюу Америкийг хазаарлах Хятадын гол хөзөр газрын ховор элемент байв. Гэхдээ энэ тусдаа сэдэв.

Таны гар утас, зурагт, электрон бараа, цахилгаан автомашин, салхин цахилгаан станц, хиймэл дагуул, хиймэл оюун ухаан бүр орчин үеийн сөнөөгч онгоц, байлдааны зэвсэгүүд хүртэл газрын ховор элементгүйгээр ажиллахгүй. Ердөө юу ч биш гэсэн үг. Тэгээд бодвол энэ элементгүйгээр хүн төрөлхтөн хүй нэгдлийн үедээ эргээд очих юм. 

Хятад улс өнөөдөр газрын ховор элементийн олборлолт боловсруулалтын салбарт давамгай байр суурь эзэлж байна. Хэрэв сонссон бол Бугат хотын Баян-Овоо гэж газрын ховор элементийн алдартай том уурхай бий. Хятадын нээлттэй хаалганы бодлогыг хэрэгжүүлж, өнөөгийн эдийн засгийн суурийг нь гүн бат тавьж өгсөн Дэн Сяопин Баян-Овоо ордод очихдоо "Саудын Арабад газрын тос Хятадад газрын ховор элемент бий" гэдэгт алдарт үгээ хэлж байв. Хичнээн холыг харсан айхтар стратегич байсан үүгээр харагдана. Нээрээ л дэлхийд хэн нь номер нэг вэ гэдгээ харуулах өрсөлдөөнд "Бүргэдүүд"-ийг "Луугийн савраар" дарж байна шүү дээ.  Хятад сүүлийн үед газрын ховор элементийн экспортдоо шинэ хязгаарлалтууд тогтоож, зөвшөөрлийн шинэ журам гарснаар АНУ болон Европын орнууд өөр эх үүсвэр эрэлхийлэх болсон. Товчхондоо гадагш зарахаа багасгасан гэсэн үг.

Харин АНУ яав гэхээр технологийн компаниудынх орчим 76 хувь нь өөр нийлүүлэгч хайж эхэлжээ. Хаанаас гэж үү? Хаа сайгүй. Магад Монголыг ч сонирхож байж мэднэ. 

Үндсэндээ газрын ховор элемент бол технократ гүрнүүдийн үндэсний аюулгүй байдал, технологийн тусгаар тогтнолын асуудал болж хувирч байна.

Мөсөн дор эрдэнээ нуусан Грийнландыг газрын ховроор хичнээн баялаг болохыг та нар мэднэ. Дональд Трамп ч гандан буурахгүй худалдаж авч чаддаггүй юм аа гэхэд хүчээр авч дөнгөнө гээд араа шүдээ хавирч суугаа. Тэгвэл Хятад бүх цаг үед ховор элементээр даналзахгүй нь тодорхой тул дараагийн  аль нэг улс шатрын өрөгт гарч ирж л таарна. Тэгвэл шинжээчид

Бразилыг нэрлэж байна. Энэ салбарт хөрөнгө оруулалт татаж, хүч түрэн гарч ирж буй Бразилд Баян-Овоогийн дараагийн том орд байна. Тэгэхээр Бразил улс олборлолтоос гадна дотооддоо боловсруулалт хөгжүүлэх зорилт тавьжээ. 

2026 он гарснаар зөвхөн Бразилд гэлтгүй дэлхийг хөрөнгө оруулалтын шинэ давалгаа нөмөрч байна. АНУ-д USA Rare Earth компани дотоодын нийлүүлэлтийн сүлжээ байгуулах зорилгоор 1.6 тэрбум ам.долларын санхүүжилт авах гэрээг эцэслэжээ. Харин Энэтхэг газрын ховор элементийн боловсруулалтын үйлдвэрүүд байгуулахын тулд олон тэрбум долларын хөрөнгө татахаар ажиллаж байна. Үүнд томоохон аж үйлдвэрийн бүлгүүд оролцож эхэлжээ.

Европын холбоо Хятадын үнийн нөлөөллөөс гарахгүй бол шинэ хөрөнгө оруулалт удааширч болзошгүйг анхааруулж байна. БНСУ газрын ховрын хайгуулд гарч, Япон далайн ёрооллос олборлолт хийж судалгаагаа үндсэндээ дуусгасан.

Газрын ховорт 17 төрлийн элемент бий. Химийн үелэх систем нэрлэж таныг зоьоогоод яах вэ. Гэхдээ ирээдүйд дараах элементүүдийн "халуурал" үүсэх нь

Үүнд:

Неодим – цахилгаан автомашины хөдөлгүүрийн соронз

Празеодим – өндөр хүчин чадлын соронз

Диспрози – өндөр температурт тэсвэртэй соронз

Терби – тусгай зориулалтын электроник, батлан хамгаалах салбар

Эдгээргүйгээр ногоон эрчим хүчний шилжилт удаашрах эрсдэлтэй. Дэлхий тэр чигтээ ногоон шилжилт хийж буй шүү дээ. 

Тэгвэл бид яах юм?

Монгол Улс ч газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татаж эхэлж байна. Халзан бүрэгтэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Улаан дэл гээд хөрөнгө оруулагчдийн хараа булааж сэтгэлийг "Празеодим" мэт соронздох ордууд байна. Гэвч монголчууд Халзан Бүрэгтэй дээрээ л хөгөө чирж, хөмөрсөн тогоон дор хэвээрээ байгаагаа харуулж байна. Гадны ч явуулга бий. Ирээдүйд Баян-Овоо ордын өрсөлдөгч байж мэдэх Халзан Бүрэгтэйг хөдөлгөхгүй байх гадны явуулгад нутгийн иргэд хөөрхий болон хууртсаар буйг харах эмгэнэлтэй. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг дээ.

Энгийнээр бол газрын ховор элемент бол технологийн өрсөлдөөн, үндэсний аюулгүй байдал, ногоон эрчим хүчний шилжилт, дэлхийн шинэ эдийн засгийн газрын зураг хэмээн ой тойндоо шингэтэл ойлготугай. Мөнгө хаана байна. Тэнд хүч бий. Эх байгаль, өвөг дээдэс нь арвин баялагтай нутаг үлдээжээ. Үүнийгээ ашиглаж баяжиж чадах  эсэх нь "тэнэг үрсийнх" нь маргааш болно.

Э.Чинзаяа

Жич: Байгаль орчны сэдвийг дараагийн нийтлэлд хөндөнө.