Москвад 1 литр шатахуун 140 рубль буюу 6000 төгрөгт хүрээгүй.

2026-08-21
Москвад 1 литр шатахуун 140 рубль буюу 6000 төгрөгт хүрээгүй.

Өнөөдөр ОХУ-д 1 литр АИ-92, АИ-95 шатахуун 140 рубль буюу монгол төгрөгөөр 6000 төгрөгт хүрлээ гэх мэдээлэл түгээгдэж байна. ОХУ дотооддоо шатахууны хямралтай, газрын тос боловсруулах үйлдвэр, агуулахууд нь өдөр тутамд Украины дроны довтолгоонд өртөж буй нь үнэн. Гэхдээ манайд  шатахуун ОХУ-аас хямд байна гэх мэдээллүүд нэг зэрэг түгээгдэж буй шалтгааны цаана АҮЭБ-ийн яам дотоодынхоо шатахууныг хямд үнээр тасралтгүй нийлүүлэхээр сайн ажиллаж байна гэх ойлголт өгөх ажиллагаа гэж харагдав. Захын тэнэг "fact check" хийчих боломжтой цаг үед амьдарч байна шүү дээ. Ингээд "The Moscow times", "Риа Новости", Ройтерс зэрэг Оросын болон барууны баталгаат эх сурвалжуудын мэдээллийг дор нэгтгэн хүргэе.

Москвагийн Түлшний ассоциацийн (МТА) хамгийн сүүлийн мониторингийн судалгаагаа  наймдугаар сарын 11–17-ны хооронд гаргажээ. Үүнд болон Москва хот болон мужийн шатахуун түгээх станцуудын үнэ наймдугаар сарын дундуур дахин өссөн байна. Тодруулбал, наймдугаар сарын 11–17-ны хооронд АИ-92, АИ-95 болон АИ-100 бензиний  дундаж үнэ литр тутамд 0.59–1.03 рублиэр нэмэгдэж литр АИ-92 бензиний дундаж үнэ 69.91 рубль, АИ-95 76.45 рубль, АИ-100 102.06 рубль болж. Харин Дизель түлшний үнэ мөн 82.25 рубльд хүрчээ. Өөрөөр хэлбэл долоо хоногийн дотор АИ-92 1.03 рубль, АИ-95 0.95 рубль, АИ-100 0.59 рублиэр өссөн байна.

Харин наймдугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд тооцсон дундаж үнэ АИ-92 67.99 рубль, АИ-95 72.35 рубль, АИ-98 99.48 рубль, дизель 82.08 рубль байна. Энэ нь нийслэл Москва хотод шатахууны үнэ улсын дунджаас арай өндөр байгааг харуулж байна.

Тэгвэл ОХУ-ын шатахуун борлуулагч томоохон ШТС-үүдэд бензин ямар үнэтэй вэ?

Москвагийн хамгийн том ШТС-үүдийн үнэ хувьд наймдугаар сарын 17-ны харьцангүй ойролцоо байжээ.

Тухайлбал, Татнефть дээр АИ-92 64.54 рубль, АИ-95 71.09 рубль, Тебойл дээр АИ-92 64.54 рубль, АИ-95 70.92 рубль байсан байна.

Роснефть-ийн Москва дахь ШТС-үүдэд АИ-92 64.72 рубль, АИ-95 70.80 рубль, Газпромнефтьдээр АИ-92 64.85 рубль, АИ-95 70.94 рубль байв. 

Харин Лукойл дээр АИ-92 65.24 рубль, АИ-95 72.39 рублийн үнэтэй байна.

Нэг үгээр хэлбэл тус улсын томоохон ШТС-уудад АИ-92 нэг литр нь ерөнхийдөө 64.5–65.2 рубль, АИ-95 нь 70.8–72.4 рубль орчимд хэлбэлзэж байна.

Харин зарим жижиг хувийн хэвшлийн ШТС-уудын үнэ арай өндөр.  Тухайлбал Трассад АИ-92 85.90, АИ-95 96.90 рубль; НефтьМагистральд АИ-92 88.99, АИ-95 96.99 рубль байжээ. ОРТК-ийн хувьд АИ-92 101.70, АИ-95 105.80 рубльд хүрсэн байна. 

ШТС болон сүлжээнээсээ шалтгаалаад хэдэн арван рублийн зөрүү гарч байгаа бөгөөд МТА-ийн мэдээллээр АИ-92-ийн хамгийн хямд, хамгийн үнэтэй цэгийн зөрүү 40.44 рубль, АИ-95-ийнх 38.87 рубль хүрчээ.

Ингээд харахад Москвагийн томоохон сүлжээний ШТС дээр АИ-92 ойролцоогоор 2,800 төгрөг, АИ-95 3,100 төгрөг орчим, харин өндөр октантай АИ-100 нь 4,200–4,400 төгрөгийн түвшинд, хамгийн өндөр үнээрээ 6,000 төгрөг давжээ.

Эх сурвалж: Reuters, The Moscow Times, BBC, Москвагийн Түлшний ассоциац