ШХАБ ИРЭЭДҮЙН АРВАН ЖИЛД...

2026-09-04
ШХАБ ИРЭЭДҮЙН АРВАН ЖИЛД...

Дэлхийн геополитикийн ирээдүйн зураглал аажим өөрчлөгдөж байна. Өчигдөрхөн дэлхийн дэг журмын гол хөдөлгүүр байсан хүчний харьцаа өнөөдөр хувьсаж, Евразийн өргөн уудам орон зай дахин дэлхийн бодлогын гол индэр болох нь уу гэмээр үзэгдэл Бишкект болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтаас ажиглагдсаныг дор сийрүүлье.

ШХАБ-ыг анх байгуулагдаж байх үед нь Төв Азийн аюулгүй байдал, хил дамнасан терроризм, экстремизмтэй тэмцэх чиглэлийн бүс нутгийн байгууллага гэдэг байв. Харин өнөөдөр Хятад, Орос, Энэтхэг, Иран, Пакистан болон Төв Азийн орнуудыг нэг дор холбож буй ШХАБ  аюулгүй байдлын хүрээнээс нэгэнт хальж, худалдаа, эрчим хүч, тээвэр, санхүү, дижитал технологи, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон Евразийн томоохон платформ болжээ.

Яагаад тэгж дүгнэж байна гэхээр, 2025 оны Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар ШХАБ 2026–2035 оны хөгжлийн стратегиа баталсан. Улмаар эдийн засаг, аюулгүй байдал, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг зэрэг өргөжүүлэхээр 24 баримт бичиг баталсан нь тус байгууллага зөвхөн тунхаглал ярьдаг форум биш, илүү институцжихийг зорьж байгааг харуулсан. Тэгэхээр ШХАБ дараагийн арван жилд Евразийн орнууд хоорондын эдийн засгийн холбоосыг бэхжүүлэх, тээврийн коридорыг өргөжүүлэх, эрчим хүчний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдаа болон санхүүгийн харилцааг хөнгөвчлөх, дижитал технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр зорилт тавин ажиллана гэсэн үг.

Энэ зорилт олон улсын анхаарлын татаж буй. Татах татахдаа маргаан дагуулсан нь ШХАБ-ын орнуудын НАТО-оос ялгаатай байдал. 

Юу гэвээс, ШХАБ-ын онцлог нь гишүүн орнуудын геополитикийн зөрчилдөөн толгойны өвчин болдог.

Энэтхэг Хятадын давамгайллыг хүлээн зөвшөөрч эс чадна. Орос, Хятад хоёрын дунд Төв Азийн улсууд өөрсдийн бие даасан байдлыг хадгалахыг хүснэ. Иран  бүс нутгийн хувьд бүүр тэс өөр ашиг сонирхолтой. Орос өөрийн аюулгүй байдал, эдийн засгийн зорилготой нэмээд НАТО-ын эсрэг бодлоготой. Харин манай урд хөрш Хятад өөрийн асар том эдийн засгийн орон зайг бий болгохыг эрмэлзэж дэлхийд ноёрхохыг санаархана.

Гэхдээ ШХАБ-ын энэ сул тал ирээдүйд хамгийн том давуу тал болох ч юм билүү.

Яаж гээч?...

ШХАБ нэг үзэл сурталтай, нэг командлалтай хатуу блок болохыг шаардахгүйгээр өөр өөр ашиг сонирхолтой улс орнуудын хамтын ажиллагааны огтлолцлыг бий болгоно. ШХАБ-ын ирээдүйн хүч нь цэргийн эвсэл болохдоо бус, олон туйлт дэлхийн янз бүрийн төвүүдийг холбосон стратегийн платформ болохдоо оршино.

XX, зууны геополитикт танк, пуужин, цэргийн бааз батлан хамгаалах салбар нь хүчний хэмжүүр байсан бол XXI зуунд хүчний ойлголт өөрчлөгдөж байна. Хэн эрчим хүчийг нийлүүлдэг вэ, хэн худалдааны замыг хянадаг вэ, хэн технологийн стандартыг тогтоодог вэ, хэн төлбөр тооцооны системтэй вэ, хэн өгөгдөл болон хиймэл оюун ухааныг эзэмшдэг вэ гэдэг нь үндэсний аюулгүй байдлын асуудал болжээ.

Ийм учраас ШХАБ-ын ирээдүйн хамгийн том тоглолт танк, пуужингаас илүү төмөр зам, боомт, эрчим хүчний шугам, дата төв, төлбөр тооцоо, технологийн сүлжээнд өрнөх магадлалтай. Евразийн газрын зураг дээр энэ боломж бүр ч тод харагдана. Уншигч та газрын зургаа дэлгээд харж болно шүү дээ.

Хятад асар том үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын чадавхтай. Орос эрчим хүч, түүхий эд болон хойд чиглэлийн дэд бүтцийн томоохон нөөцтэй. Төв Азийн орнууд газарзүйн байрлал, байгалийн баялаг, шинэ зах зээлүүдийн төв болно. Иран өмнөд чиглэлийн гарц, боомт болохуйц боломж бий. Харин Энэтхэг асар том хэрэглээг шингээх хязгааргүй зах зээл. Эд бүгд ашиг сонирхол, геополитик хийгээд геоэдийн засгийн огтлолцол биш гэж үү?

Эдгээрийг тээвэр, эрчим хүч, худалдаа, технологийн сүлжээгээр улам нягт холбож чадвал ШХАБ зөвхөн олон улсын байгууллага биш, Евразийн эдийн засгийн томоохон систем  болж чадна.

Энд “Бүс ба зам” санаачилга, Төв Азийн шинэ тээврийн чиглэлүүд, Оросын эрчим хүчний экспорт, Ираны өмнөд гарц, Энэтхэгийн зах зээл зэрэг олон хүчин зүйл огтлолцоно. Тиймээс ШХАБ-ын ирээдүйг зөвхөн хурлын танхимд гарсан мэдэгдлээр хэмжихээс илүүтэй газрын зураг дээрх төмөр зам, авто зам, боомт, эрчим хүчний шугам, худалдааны урсгалаар нь харах хэрэгтэй. Бас хурлын дараах протокол, албан хурлын мэдээнээс илүү судлаачдын сонирхолтой өнцөг дүгнэлтүүдийг ч нэгтгэн унших хэрэгтэй. Тэгж байж дараагийн дүр зургийг ажиглах юм л даа. 

Үргэлжлүүлье. Өнөөдөр дэлхийн улс орнууд нэг системээс бүрэн гарах бус, өөр хувилбартай болохыг эрмэлзэж байна. Үндэсний валютаар худалдаа хийх, өөр төлбөр тооцооны механизм бий болгох, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, технологийн хараат байдлаа бууруулах зэрэг алхамууд үүний илрэл. Энэ нь долларыг маргааш хална гэсэн үг биш л дээ. Яахав нэг нэг хаалга хаагдсан ч нөгөө хаалгаар худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгаа үргэлжлүүлэх чадвартай болох тухай л асуудал.

Ер нь ирээдүйд “хэн дэлхийг захирах вэ?” гэдэг уламжлалт асуулт хоцрогдоод “хэн бусдын системээс хэт хамааралгүйгээр бие даах вэ" гэдэг зам руу шилжинэ. Үүн дээр олон ч судлаачид байр сууриа нэгтгэдэг.  Хэрэв энэ стратегийнх нь зориго нь биелвэл 2035 он гэхэд ШХАБ өнөөдрийнхөөс огт өөр байгууллага болсон байх боломж эндээс харагдаж буй юм.

За ШХАБ-ын ирээдүйн зорилттой уялдуулаад бид яах вэ, жинхэнэ гишүүн болох уу, ажиглагчаараа үлдэх үү гэх асуулт гарч ирнэ. Ирсээр ч, маргасаар ч,  ШХАБ-ыг үзэн ядсаар ч ирлээ.  Дараагийн 10 жилд ШХАБ Евразийн худалдаа, тээвэр, эрчим хүчний холбоосыг улам нягтруулах тусам Монголын газарзүйн байрлалын үнэ цэн нэмэгдэж болно. Гэхдээ газарзүйн байрлал өөрөө хөгжил авчирдаг гэх нь хэтэрхий гэнэхэн дүгнэлт. Харин зөв бодлого л эдийн засгийн хувьд давуу байдлыг бидэнд бий болгоно гэдгийг бүгд санах ёстой. Тэгэхээр ирээдүйн 10 жилд Монгол улс бүс нутгуудын хувьд транзит коридор болоод өнгөрөх биш "ЗАНГИЛАА" нь болох гео бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн нүүрс, зэс, төмрөө хил давуулаад "шидчихэлгүй" нэмүү өртөг шингээдэг улс болох зорилт тавья. Логистик, агуулах, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний төв болох. Зөвхөн эрчим хүч импортолдог хэрэглэгч биш, ирээдүйд өөрийн эрчим хүчний эх үүсвэр, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний боломжоо ашигладаг үйлдвэрлэгч болохыг зорих хэрэгтэй. Экспорт нэг зах зээлээс, эрчим хүч нэг эх үүсвэрээс, технологи нэг улсаас, тээвэр нэг чиглэлээс хамаарах тусам Монголын дипломат маневрын орон зай хумигдана.

Мэдээж ажиглагчаараа л үлдэнэ. Тиймээс ШХАБ-тай харилцах харилцааны хувьд Монгол Улс аль нэг блокийн талд орох ёсгүй. Харин өөрийн ашиг сонирхолд нийцсэн олон талт харилцааг ашиглах ёстой. ШХАБ-тай хамтрахдаа гуравдагч хөршийн бодлогоо улам бэхжүүлж тэнцвэрээ хадгална. АНУ, Европын холбоо, Япон, БНСУ болон бусад түншүүдтэй харилцаагаа гүнзгийрүүлж, бүгдийнх нь огтлолцлоос өөртөө ашигтай орон зай бий болгох явдал юм.

Энэ бол жижиг улсын гадаад бодлогын хамгийн бодит прагматик хувилбар л даа.

Үнэндээ Монголын ирээдүйн геополитикийн хамгийн том капитал нь зөвхөн уран, зэс, нүүрс гэвэл дэндүү мөчид бодрол. Монголын хамгийн том стратегийн хөрөнгө бол Орос, Хятад хоёрын дунд, Евразийн хойд ба өмнөд чиглэлийн уулзварт байрладаг газарзүй болж ч мэднэ. Учир нь газарзүйг бид өөрчилж чадахгүй. Харин үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэхээ өөрсдөө шийдэж чадна.

Хэрэв Монгол Улс зөвхөн хоёр хөршийн зах зээлд түүхий эд нийлүүлэгч хэвээр үлдвэл газарзүйн байрлал маань бидний хөгжлийг хязгаарласаар л байх болно. Харин тээвэр, логистик, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн нэмүү өртөг шингээх үйлдвэрлэлээ хөгжүүлж чадвал газарзүйн байршил маань биднийг дэлхийтэй холбох гарц болох юм.

Тэгэхээр Монгол Улс ШХАБ-ын ирээдүйн арван жилийн стратегид хүссэн ч эс хүссэн ч холбогдоно. Тиймээс бүгдээрээ энхийг эрхмэлсэн олон тулгуурт харилцаагаа хөгжүүлье, өөрийн улсын эрх ашгийг тодорхой байлгая, эдийн засгаа төрөлжүүлье, газарзүйн байршлаа давуу талаа болгоё...

Э.Чинзаяа