Хорт хавдрын эмчилгээнд шинэ эрин эхлэв
Ковидын үед вакцинаараа бидний танил болсон "Модерна", "Мерск" компаниуд хамтран хавдрын эсрэг вакцины туршилтыг тун амжилттай хийжээ. Хүн төрөлхтөнд хорт хавдрыг ялан дийлэх итгэл найдварын оч бадраасан уг мэдээ дэлхий нийтийн анхаарлыг татав.
Гэхдээ нэг зүйлийг эхлээд тодруулъя. Вакцин ямар үйлчилгээтэй вэ?
Энэ вакцин нь хорт хавдартай өвчтөн бүрийн хавдрыг нарийн шинжилж, тухайн хүний хавдрыг өөрийнх нь дархлааны эсэд “таниулаад”, устгах чиглэл өгдөг вакцин.
2026 оны наймдугаар сарын 19-нд Модерна болон Меркс компаниуд хамтран хөгжүүлж буй V940 хэмээх туршилтын эмчилгээ, арьсны хорт хавдрын нэг төрөл болох меланомынэмчилгээнд хийсэн 3-р шатны томоохон судалгааны үр дүнгээ танилцуулж, зорьсон үр дүндээ хүрсэн тухай мэдээллээ.
Судалгаанд хавдраа мэс заслаар бүрэн авахуулсан боловч хавдар дахин үүсэх, биеийн өөр эрхтнүдэд үсэрхийлэх эрсдэлтэй өвчтөнүүдийг хамруулжээ.
Ингэхдээ, тухайн өвчтөний хавдрыг нарийн шинжилж, хавдрын эсэд байдаг бусад эсүүдээс ялгарах өвөрмөц шинжүүдийг олно. Дараа нь тэр мэдээлэлд үндэслэн тухайн өвчтөнд зориулсан эмчилгээний вакцин бэлтгэх юм.
Энгийнээр тайлбарлавал, эмч нар хавдрыг нарийн шинжлээд, өвөрмөц шинжийг тогтооно. Дараа нь тухайн хавдартай хүнд зориулсан вакцин бэлтгэнэ. Үүнийхээ дараа дархлааны тогтолцоонд хавдрыг таних “заавар” өгнө гэсэн үг. Вакцины үр дүнд таны өөрийн дархлааны эс хорт хавдрын эсийг таньж устгаад өөрийгөө хамгаалах механимзаа ажиллуулна гэсэн үг.
Тэгвэл вакциныг Меркс компанийн "Keytruda" хэмээх дархлааг идэвхжүүлж хавдартай тэмцэх эмтэй хамт хэрэглэсэн туршилтыг бас хийжээ. Уг туршилтын үр дүнд хавдар дахин үүсэх эрсдэл багассан, хавдар биеийн бусад хэсэгт үсэрхийлэх эрсдэл мөн буурсан байна.
Хорт хавдрыг мэс заслаар авсан ч нүдэнд харагдахгүй маш цөөн тооны хавдрын эсүүд бие махбодод үлдэх тохиолдол бий. Тэгж үсэрхийлсэн эсүүд хожим дахин олширч, хавдар буцаж үүсэх шалтгаан болдог.
Ингээд Модерна болон Мерскийн хамтын бүтээл болсон шинэ вакцины үр дүнд хавдар үсэрхийлэх дахин үүсэх эрсдэл үгүй болох нь. Ирээдүйд хавдрын эмчилгээ хэддүгээр шатны хавдар вэ гэхээс илүү энэ хүний хавдар яг ямар онцлогтой вэ гэж судлаад түүнд тохирсон вакцин хийгдэх чиглэл рүү явах нь.
Хорт хавдрын ялан дийлэх вакциныг бүтээхэд "mRNA" хэмээх технологи ашиглаж байна. Өмнө энэ технологиор ковидын вакциныг бүтээж байсан шүү дээ.
Тэгэхээр "mRNA" технологи хүний дархлааны тогтолцоонд: "Энэ бол таны хавдрын эс. Үүнийг таньж, устгаарай.” гэсэн биологийн заавар өгөх нь. Энэ туршилтыг 5 жил хийж өвчтөнүүдийг ажиглахад хавдар дахин үүсэх эсвэл нас барах эрсдэл "Keytruda" дархлааны эмийг дангаар нь хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад 49 хувиар бага байсан үр дүн гарсан байдаг.
Анхааруулахад энэ туршилт одоогоор меланома буюу арьсны хорт хавдрын тодорхой бүлгийн өвчтөнүүдэд хийгдсэн судалгааны үр дүн юм.
Харин уг вакциныг уушги, давсаг, бөөр зэрэг бусад эрхтний хорт хавдарт хэрэглэх боломжийг мөн судалж байна.
Хэрэв судалгаанууд амжилттай болбол хорт хавдартай өвчтөнд дархлааны нэг эм уулгахаас илүү өвчтөн бүрийн хавдрыг шинжилж, түүнд нь тохирсон эмчилгээний вакцин бүтээдэгшинэ арга улам хөгжинө гэсэн үг.
Эцэст нь Модерна болон Мерскийн энэхүү вакцин эрүүл хүнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэхгүй. Харин хорт хавдартай хүмүүст хийгдэж өөрийнх нь дархлааны эсээр хорт хавдрын эсийг устгуулах зорилготой шинжлэх ухааны туршилт юм.
Уг туршилтын үр дүнг зарласны дараа Модерна компанийн хувьцаа 176,9 хувиар өслөө.
