“ИХ ДОЛОО”-ГИЙН УУЛЗАЛТААР ОЙРХ ДОРНОД, УКРАИНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

2026-06-12
“ИХ ДОЛОО”-ГИЙН УУЛЗАЛТААР ОЙРХ ДОРНОД, УКРАИНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Дэлхийн өндөр хөгжилтэй долоон орны удирдагчдын ээлжит дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-17-ны өдрүүдэд Францын Эвиан-ле-Бен хотод болно. 2026 онд “Их долоо” бүлгийг даргалж буй Франц улс тус уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

Энэ удаагийн уулзалтаар дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлж буй гол асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Ойрх Дорнодын нөхцөл байдал, Украины дайн, олон улсын аюулгүй байдлын асуудал удирдагчдын анхаарлын төвд байх төлөвтэй байна.

Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдал нь бүс нутгийн тогтвортой байдал төдийгүй дэлхийн эрчим хүчний зах зээл, эдийн засгийн орчинд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа тул талууд нөхцөл байдлыг тогтворжуулах, дипломат шийдэл эрэлхийлэх асуудлаар байр сууриа солилцох юм.

Мөн Украины дайны хүрээнд цаашдын дэмжлэг, энхийн үйл явцын боломж, Европын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр байна. Удирдагчид олон улсын эрх зүйн зарчимд тулгуурласан тогтвортой шийдэлд хүрэх боломжийн талаар санал солилцох юм.

Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн өсөлт, олон улсын худалдаа, хиймэл оюун ухааны хөгжил, стратегийн ашигт малтмалын нийлүүлэлт, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байна.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар, энэ удаагийн “Их долоо”-гийн уулзалт нь дэлхийн геополитикийн нөхцөл байдалд нөлөөлөх чухал уулзалт болж, томоохон гүрнүүдийн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох боломжтой.