БОДЛОГЫН РЕФОРМОО БҮТНЭЭР НЬ ЯВУУЛАХГҮЙ, "ХААГ НЬ ХАНЗЛААД" ӨРГӨН БАРИХ ХОРЛОНТ САНААГ ЕРӨНХИЙ САЙДАД ХЭН ӨГӨВ ӨӨ?
Оргилмаа
-НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгож өндөрлөвөл далд эдийн засаг 2 дахин тэлнэ-
Хэн нэгэн “шуламс” Ерөнхий сайдад Татварын ерөнхий хуулиа өргөн барихдаа өмнө нь өргөн барьсан НӨАТ-ын хуулийг хүчингүй болгоод “ингэж өөрчил” гээд шивнэчих шиг боллоо. Тэр нь Засгийн газрын “Татварын реформ” гэгчид жинхэнэ хорлол болчихлоо.
Энэ бол аймшигтай хохирол учруулах хор уршигтай. Юуны өмнө олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр хуулийн төслийг УИХ-д өргөн барьчихлаа. Тиймээс “хулгайгаар” гэж байгаа юм. Дээрээс нь бүр яаралтайгаар шүү.
Мэдээж МАН-ын мөрийн хөтөлбөрт энэ тухай бий. Гэхдээ төрийн хуулийг батлахдаа иргэд, ААН-ийн эрх ашиг нэгдүгээрт биш юм уу, Ерөнхий сайд аа!
Нийт татварын чинь 30 хувийг эзэлдэг НӨАТ-ын тухай хуулийн төслийг эгүүлэн татчихаар Татварын ерөнхий хууль чинь “Татварын реформ” болох уу? Цаг үеийн хүндрэлээс шалтгаалан, орлогод цохилт ирэх учраас хэрэгжих хугацааг нь хойш тавиад хуулийн төслөө орууллаа гэсэн бол ямартай Татварын бодлогын реформоо бүтнээр нь явуулахгүй, “хааг нь ханзалснаас” дээр байх байлаа. Ийм хорлолт тэнэг санааг Ерөнхий сайд Н.Учрал танд хэн өгөв өө? НӨАТ-ын хуульгүй, Гаалийн хуульгүй Татварын реформ гэж байх уу? Энэ бол Ерөнхий сайдын буруу биш. Өргөн бариад танилцуулж байгаа, Ерөнхий сайдын чихэнд шивнэдэг “адын бодолт” нөхдийн санаатай алдаа л гэж хэлмээр байна.
Зүхээд яах вэ, шулуухан хэлэхэд Засгийн газрын “насыг богиносгох” энэ хуулийн төслийг эргүүлэн татах, эсвэл том хохирол учруулах хэсгийг нь яаралтай засахыг шаардаж байна.
Нэгэнт энэхүү хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг хийгээгүй учраас хуулийн төслийн талаар сайн танилцаагүй иргэддээ цухас танилцуулъя.
Тухайн татвар төлөгчийн борлуулалтын 50 сая төгрөгөөс доош бол НӨАТ-ын тайлан гаргахгүй, түүнээс дээш бол заавал НӨАТ-ын суутган төлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Гэтэл шинээр өргөн барьж буй НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж “50 гэснийг “400” гэж өөрчлөх” гээд оруулж ирсэн. Бидний ярианы хэлээр “НӨАТ төлөгч үү, биш үү” гэдэг асуултын хариулт л даа. Албан ёсны хэлээрээ бол “НӨАТ-ын суутган төлөгч агент” болно гэсэн үг.
Жишээ нь ААН-үүд НӨАТ төлөгч биш, тэд зөвхөн худалдан авагчийн НӨАТ-ыг суутгаж аваад татварт төвлөрүүлж өгдөг агентын үүрэг гүйцэтгэдэг. Та ресторанд хооллоод төлбөрөө төлөхөд тухайн ресторан НӨАТ-ын суутган төлөгч агент, харин үйлчлүүлэгч та НӨАТ төлөгч юм. Үүнийгээ андуурч нэлээд он цагийг үдсэн л дээ, бид.
Ингээд борлуулалтын орлого 50 саяас дээш төгрөг бол НӨАТ төлөгч байсныг 400 саяас дээш төгрөгийн борлуулалттай бол “НӨАТ төлөгч мөн, бусад нь биш” байхаар хуулийн төсөлд оруулж ирлээ.
Манай улсад тайлан гаргаж татвар төлдөг 62 мянган ААН байдаг. Түүнээс 61 мянга нь 1%-ийн татвар төлдөг. Ердөө 1500 ААН л 10%-ийн татвар төлдөг.
Нэг сонирхолтой тоо дурдахад е-баримтад суурилсан НӨАТ-ын системд шилжих үед дээрх 62 мянган ААН-ээс ердөө 45 хувь нь л хамрагддаг байсан бол НӨАТ-ын бүртгэлийн системд хамрагдсанаас хойш, 2025 оны жилийн эцсийн дүнгээр 74 хувьтай буюу өнөөдрийн байдлаар 45 мянга орчим ААН НӨАТ суутган төлөгч болчихоод байна.
Одоо гол асуудалдаа оръё. НӨАТ-ын хуулийн өөрчлөлтөөр юу болов? 50 саяын босгыг даваад 400 сая төгрөгийн босго хүртэлх зайд 23000 ААН бий. Тэгэхээр энэ 23000 ААН “НӨАТ суутган төлөгч агент биш” болох нь ээ. Одоогийн байгаа 45 мянган НӨАТ суутган төлөгчийн 23 мянгыг нь “400 саяын босго даваагүй” гээд хасчихаар 22 мянган ААН-ийг далд эдийн засаг руу илгээх нь ээ, ганцхан хуулиар шийдээд л. Энэ нь ямар уршигтай гээч?
Хуулийн төсөлд тусгасанчлан 400 саяын босгоор баталбал НӨАТ-ын орлого буурах ч дүүрч, далд эдийн засаг хоёр дахин тэлнэ. НӨАТ төлөгч компаниуд нуувчинд орно. Том ААН-үүд бэлтгэн нийлүүлэгч жижиг компаниудыг НӨАТ төлөгч биш болчихсон учраас хэнтэй нь харилцахаа мэдэхгүй.
Жишээ нь би борлуулалтын орлогоо цуглуулж байгаад 150 сая төгрөг төлөөд НӨАТ суутган төлөгч болчихсон. 400 сая төгрөг хүргэчихвэл НӨАТ суутган төлөгч биш болчихно. Тиймээс дэлгүүрт бараа нийлүүлдэг байлаа гэхэд худалдан авагч маань “НӨАТ төлөгч биш учраас” надаас бараа бүтээгдэхүүн авахаа больчихно. Таны өгсөн барааны үнийг бид зардлаасаа хасаж чадахгүй нь, тиймээс танайхаас авахгүй гэнэ. Ингээд 23000 ААН хохирно. Хамгийн аймшигтай нь энэ.
НӨАТ татвар уу, бүртгэл үү? Үүнд гажуудал байна гэцгээдэг. Хоёулаа мөн. Татвар ч мөн, гэхдээ ААН-ийн төлдөг татвар биш, эцсийн хэрэглэгчийн иргэний төлдөг татвар юм. ААН бол дамжуулагч буюу суутган төлөгч. Гэтэл яагаад НӨАТ-ын тухай хуулиараа ААН-үүдэд хүндрэл учруулаад байгаа юм бэ, Засгийн газар?
НӨАТ-ын тухай хууль ААН-үүдэд хүндрэл учруулдаггүй, хохироодоггүй байх ёстой болохоос биш, ААН-үүдийг НӨАТ-аас чөлөөлөөд байж болохгүй. ААН-үүдийн хамгийн их гомдоллож бухимддаг сэдэв нь зарим ААН-ийг чөлөөлдөг явдал, мөн хилээр орж ирэхэд нь гаалийн татвар авдаг байдал. Үүний оронд борлуулсны дараах орлогоос хамаарч НӨАТ авдаг бол хэн хэндээ ашигтай төдийгүй бид дуртайяа төлнө гэдэг. Учир нь эцсийн хэрэглэгч нь ААН биш байхад гааль дээр надаас НӨАТ аваад байгаа чинь буруу, үүнийгээ тайландаа тусгахаар мөнгөн хөрөнгийн эргэлт дээр хохирол учруулдаг. Ерөөсөө бүртгэлээ хараад л тайлангаа гаргаж өгөнгүүт НӨАТ-аа төл гэдэг, борлуулалтад суурилдаггүй. Энэ бол төсвийн нийт орлогод нөлөөлөхгүйгээр шийдэгдэх асуудал байтал үүнийг ч хуулийн төсөлд оруулж ирсэнгүй. Хачирхалтай нь МҮХАҮТ яагаад таг чиг байдаг юм бол? Яагаад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ сэдвээр хэлэлцүүлэг хийхдээ “Бүгдээрээ НӨАТ төлөгч болцгооё” л доо гээд байсан яасан бэ?
Үүнд сөрөг хүчин байтугай аж ахуй эрхэлж үзсэн, татвар төлдөг иргэн бүхнийхээ өмнөөс санаа зовинож явдаг улстөрчид яаж тэсээд, МАН-ын мөрийн хөтөлбөр бодоод сууж буйг үнэхээр ойлгохгүй байна. Жишээ нь “Оргил” супермаркетаараа овоглодог, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар та яагаад хамаг хамаг нийлүүлэгчид чинь “НӨАТ төлөгч биш” болох гээд байхад амь нь тэмцэхгүй, харин ч эсэргүүцээд сууж байна вэ гэдгийг гайхлаа. Ямар ч үндэслэл харагдахгүй юм.
Тэгэхээр ААН-үүдийг “ангал руу унагах” энэ төслөөс хамгаалах нам бус хэн нэгэн аврагч нь Ерөнхийлөгч болж таарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Та хэрэв Засгийн газар энэ алдаагаа засаж хуулийн төслөө эргүүлэн татахгүй бол 23000 ААН-ийн эрх ашгийн төлөө, улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааны төлөө бүрэн эрхийнхээ дагуу хориг тавина гэж найдъя.
