Стратегийн болон түүний үүсмэл ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, түүнийг тусгай АМНАТ-өөр орлуулах тухай УИХ-ын тогтоол батлагдах тун дөхөж байна. УИХ алх цохиод Ерөнхийлөгч соёрхож хууль хүчин төгөлдөр болмогц “компанийн борлуулалтын орлогоос тусгай АМНАТ-өө төлөгдөөд, тэр өдрөөс иргэдийн нэрийн дансанд орлого урсан орж ирнэ. 

Дөрвөн компанитай хэлцэл хийх болсон шалтгаан юу байв?

Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн 6.2 буюу газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдэд одоо ба ирээдүй үед тэгш, шударга хүртээдэг байх зарчмыг холбогдох хуулиудад тусгаж баталсан. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг дагаж Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орсон. Уг хуулийн 5.4-т төсвийн мөнгөөр хайгуул хийсэн бол улс 50 хүртэлх хуулийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэж заасан байдаг. 

Түүнчлэн уг хуулийн 5.5-д тухайн компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол улс 34 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ гэж заасан. Гэхдээ 5.4-т төрөөс оруулсан хөрөнгийн хувь хэмжээг харгалзан үзэж төрийн эзэмшлийн хувийг тогтооно гэсэн байдаг. Цаашилбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47’2 заалтад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулж болно гэсэн байдаг. 

Үндэсний баялгийн сангийн 11.1.2-ын В-д төрийн эзэмшлийн хувийг тусгай АМНАТ-өөр орлуулбал тэндээс орох орлого нь шууд Үндэсний баялгийн сангийн хуримтлалын дансанд буюу иргэдийн нэрийн дансанд орно гэсэн хуультай. Төрийн хувь эзэмшлийг хэдээр тогтоох, хэдэн хувийг нь тусгай АМНАТ-өөр орлуулах зэрэг асуудлыг УИХ батална. 

Стратегийн ордуудын жагсаалтад Хөшөөтийн уурхайг багтаах эсэхийг С.Бямбацогт шийддэггүй

УИХ-аар батлагдсан нийтдээ 16 стратегийн орд л бий. Ерөнхий сайдын удирдамжаар батлагдсан Засгийн газрын Ажлын хэсэг нь УИХ-аар батлагдсан 16 ордын хүрээнд ажиллах ёстой болохоос тэрхүү жагсаалтад багтаагүй ордуудын асуудлаар хэлцэл хийвэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно. Жишээ нь С.Бямбацогт яагаад Ховдын Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах талаар ажиллаагүй юм бэ гэж буруутгах гэж оролдъё. 

Тэгвэл 2007 онд Стратегийн ордын жагсаалтыг баталж байхад Хөшөөтийн уурхайг тэр жагсаалтад яагаад оруулаагүй юм бэ гээд тулгах гэхээр С.Бямбацогт 2008 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Тэгвэл одоо сайд хийж байхдаа яагаад Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахгүй байгаа юм бэ” гэж нэхэх гэхээр хуулиараа “Стратегийн ордын жагсаалтад аль ордыг багтаах” нь ЗГХЭГ-ын даргын бус Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын эрхлэх асуудалд багтдаг юм. С.Бямбацогт удаа дараа сайд хийсэн нь үнэн боловч хэзээ ч АҮЭБ юм уу, түүнээс өмнөх нэршлүүдээр ч “уул уурхай хариуцсан” сайд байгаагүй. Тиймээс тэрбээр “Стратегийн ордын жагсаалтад Хөшөөтийн уурхайг оруулъя, оруулахгүй байя” гэдэг асуудлаар шийдвэр гаргах эрх эдэлж, эсвэл үүрэг хүлээж байсангүй. 

2007 оноос хойшхи үе үеийн Засгийн газрууд Стратегийн ордын жагсаалтад аль ордыг оруулах, оруулахгүй талаар маргаж байсан ч энэ эрх мэдлийг гагцхүү уул уурхайн асуудал эрхэлсэн сайддаа л үүрэг даалгавар болгодог байсныг бүх хууль, тогтоомж, шийдвэрүүд харуулдаг. Салбар хариуцсан сайд нь саналаа оруулж ир гэдэг, тэр нь хэзээ ч Засгийн газрын босгоор давж УИХ-д орж байсангүй. Бүтэн 20 жилийн хугацаанд Засгийн газраа давж, УИХ руу орж байгаагүй гэхээр сонин байгаа биз. 

Нэг л тохиолдол бий. Тэр нь 2015 онд “Бороо гоулд”-ыг нэмж, одоогийн 16 ордын жагсаалт амь бөхтэй яваа нь энэ. Өөрөөр нэг ч орд нэмж, хасаагүй.Хамгийн сүүлд 2024 оны 8 дугаар сард АҮЭБ-ын сайдаар ажиллаж байсан Г.Туваанд Засгийн газрын тэмдэглэлээр  хоёр үүрэг өгсөн байдаг. Тэмдэглэлийн нэгдүгээрт, “Стратегийн орд газруудын хил заагийг эцэслэн тогтоох” үүрэг бий. Жишээ нь Тавантолгойн бүлэг орд яг хаанаас эхлээд хаана дуусах, Нарийнсухайт ордод хаанаас хаана хүртэл хамаарах гэх зэргээр тогтоож УИХ руу оруулахыг даалгасан. Салбарын яам энэ ажлыг хийж дуусгасан ч Засгийн газар огцроод уг асуудал УИХ руу ороогүй гацсан нь байдаг юм. Үүнийг УИХ-аар оруулахгүйн тулд Засгийн газрыг огцруулах шаардлагатай байжээ ч гэж таамаглах нь бий. 

Тэмдэглэлийн хоёрдугаарт, стратегийн ордын жагсаалттай холбоотой асуудал бий. Мөн 39 ордыг нэмэх тухай яриа, жагсаалтын төсөл зэрэг баримтууд бий. Хамгийн сүүлд энэ талаар УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол л батлагдсан, үүнд дээрх 15 ордын жагсаалтыг /Бороо гоулдыг сүүлд нэмсэн/ баталлаа, нэмээд 39 ордыг стратегийн жагсаалтад оруулах, эсэхийг судалж, саналаа оруулж ирэхийг тухайн үеийн Засгийн газарт даалгасан байдаг юм. Тэрхүү 39 ордын жагсаалтад нь ганцхан сая тонн нүүрсний нөөцтэй Алагтолгойгоос эхлээд гурав, таван сая тоннын нөөцтэй ордууд хүртэл багтсан байдаг. Ер нь “Стратегийн орд гэдэг нэр томъёо байдаггүй. Харин “стратегийн ашигт малтмал гэдэг нэр томъёо байдаг” ч гэж салбарынхан ярих нь бий. Тэгэхээр ашигт малтмалаа стратегийнх мөн, бишээр нь ангилчихаад түүнийхээ дагуу ордоо хамруулахаар Ашигт малтмалын тухай хуульд тусгах нь илүү зөв бодлого ч байж мэдэх юм.

Анхны дөрвөн компанийн хэлцэл ба “Ачит ихт” яагаад санаачилгаараа нэгдэв?

Одоогоор УИХ-аас баталсан стратегийн 16 ордын жагсаалт бий. Үүнд хувийн хэвшлийн 25 ААН ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Гэтэл дээрх 25 компанийн 10-аад нь хайгуулын лицензтэй, ашиглалтын лицензгүй. Хайгуулын лицензтэй компанитай Засгийн газар хэлцэл хийж болохгүй биз дээ? Үндсэн хуульд заасан зарчмаар төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын өгөөжийн дийлэнх хувь буюу 50+1 нь төрд ногдох ёстой. Стратегийн 16 ордын 14-т нь төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн байдаг. Өгөөж дээр 51 хувь гээд байгааг хэрхэн хувь хэмжээг өөрчилж нэмэгдүүлэх вэ гэдгээ бодитой тогтоохын тулд тухайн арваад компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг, тухайлбал “Ухаа худаг”-ийн 2009 оноос хойшхи, “Ачит ихт”-ийн 2010 оноос хойшхи, “Өсөх зоос”-ын 2014 оноос хойшхи түүхийг судалж үзсэн юм билээ. 

Ингээд “Орано майнинг”-тай гэрээ байгуулсан бэлэн загвартай харьцуулаад үзэхэд өгөөжийн 60 хувийг төрд авч болохоор тооцоолол гарсан учраас энэ саналаа бүх компанид тавьжээ. Яг өнөөдрийн байдлаар дээрх 25-аас олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа 14 компани л байна. Үүнээс дөрөвтэй нь сая хэлцэл хийлээ. Цаана нь 10 компани үлдсэн. Үүн дээр Эрдэнэтийн үүсмэл буюу “Эрдмин”, “Ачит ихт”, “Зэс эрдэнийн хувь” гэдэг гурван ордыг нэмж тооцвол 17 ААН байгаа гэсэн үг. Гэхдээ Эрдэнэтийн үүсмэл гурван орд стратегийн биш, үүсмэл учраас дээрх 25 дотор ордоггүй, тэднийг нэмбэл 28 орд болно. Үүсмэлүүдээс “Ачит ихт” компанийн зүгээс өөрсдөө хэлцэлд орох саналаа тавьж өгөөжөө өгөхөөр болсон юм билээ. Яриа хэлэлцээ олонтаа үргэлжилсээр эцэст нь хэлцэл хийсэн дөрвөн компани бүх нөхцлийг зөвшөөрье гэсэн байдаг.