Х.НЯМБААТАР ДАРГАА, ХОТ ХЭДЭН СТАНДАРТТАЙ ВЭ?
Нийслэл хот гэдэг айл гэрийн том хашаа л гэсэн үг. Хашаагаа цэвэрхэн байлгавал зочин гийчинд нүүр бардам, хүүхэд багачуудад эрүүл орчин бүрдэнэ. Харин нэг булангаа гял цал болгоод, нөгөө буландаа хог новшоо овоолоод байвал тэр айлыг цэвэр цэмцгэр гэж хэлэх үү?
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын төв хэсгээс “бор түц”-үүдийг албадан нүүлгэх шийдвэр гарч, түц эрхлэгчид хүчтэй эсэргүүцсэн ч төр “төмөр нүүр”-ээ харуулсан. Хотын төв ялангуяа Сүхбаатарын талбай орчим, их дэлгүүр, төв зам дагуух хэсэг үнэхээр цэлгэр, цэмцгэр болсон нь хэн бүхэнд ил буй. Үүнийг үгүйсгэх аргагүй. Хотын өнгө үзэмж сайжирсан нь аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, иргэдийн сэтгэл зүйд эерэг нөлөөтэй.
Гэвч хотын төвөөс 5–15 км зайтай автобусны буудлууд дээр өнөөх бор түц-үүд хэд хэдээрээ дахин “амилав’’ Ер нь манай хот стандарттай юу, эсвэл байршлаасаа хамаарч “дабл стандарт” хэрэгждэг юм уу?
Нэг жишээ авъя. Хэрэв төвийн 1 км радиуст 100 түц байсныг бүрэн нүүлгэлээ гэж бодъё. Хотын төвийн явган хүний урсгал өдөрт 50–70 мянгад хүрдэг бүсэд нэг түц 4 м² талбай эзэлдэг гэж тооцвол 100 түц = 400 м² явган зам, талбай чөлөөлөгдөнө. Энэ бол нэг жижиг цэцэрлэгт хүрээлэнтэй дүйцэхүйц зай.
Гэвч захын хороололд, нэг автобусны буудал дээр 3–5 түц бөөгнөрч, 20–30 буудал дээр ийм байдал давтагдвал мөн л 300–500 м² талбай “түр” байгууламжаар дүүрч байна гэсэн үг. Төвд чөлөөлсөн хэмжээгээ захад буцаан “тараагаад” байвал бодлогын цогц үр дүн хаана харагдах вэ? Хот бол зөвхөн төв талбай биш. Хот бол Баянхошуу, Толгойт, Налайх, Шархад, Амгалан гээд иргэн амьдарч буй бүхэн.
Түц бол 2х2 метр орчим төмөр хайрцаг. Дотор нь хүн 8–12 цаг ажиллана. Ариун цэврийн өрөө, бохирын шугам, ундны усны холболт байхгүй. Тэгэхээр бие засах асуудлыг хувин, сав ашиглан шийддэг нь нууц биш. Түүнийг оройн цагаар ойр орчимд асгах тохиолдол бий. Хүнсний бүтээгдэхүүн, дулааны улирал, хөргөлтийн стандартгүй орчин эрүүл ахуйн эрсдэл тэнд бий.
Жишээ нь, +25 хэмд мах, сүү, хиам зэрэг бүтээгдэхүүн 2–4 цагийн дотор бактери үржих эрсдэлтэй бүсэд ордог. Хэрэв тогтмол хяналт, температурын бүртгэл байхгүй бол хоолны хордлого гарах магадлал нэмэгдэнэ. Нэг түц өдөрт 100 хүнд үйлчилгээ үзүүллээ гэж бодъё. Тэдний 5хувь нь стандарт хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэвэл 5 хүн. 30 буудал дээр 3 түц байвал 90 түц. Өдөрт 450 хүн эрсдэлд орж болзошгүй гэсэн үг. Энэ бол нийтийн эрүүл мэндийн асуудал.
Нөгөө талд нь түц эрхлэгчид бий. Ихэнх нь 40–60 насны эмэгтэйчүүд, тэтгэврийн нас дөхсөн иргэд, эсвэл өөр ажил олдохгүй байгаа өрх толгойлсон хүмүүс. Тэдний сарын цэвэр ашиг байршлаасаа хамаараад дунджаар 800.000-1.5 сая төгрөг байдаг. ТҮЦ-тэй холбоотой асуудал хоёр талтай. Хотын стандарт, эрүүл ахуй, иргэдийн амьжиргаа.
Гэвч бодлого “төвдөө хатуу, захдаа зөөлөн” байж болохгүй. Хэрэв стандарт мөрдөх бол бүх байршилд мөрдөнө. Хэрэв шилжилт хийх бол нэгдсэн төлөвлөгөөтэй, дэд бүтэцтэй, түрээсийн лангуу, зах, худалдааны төвийн шийдэлтэй байх ёстой.
Хот хэдэн стандарттай вэ?
• Ариун цэврийн шаардлага
• Газрын ашиглалт
• Хот төлөвлөлт
• Нийтийн эзэмшлийн талбай
Хэрэв төвд “муухай харагдана” гэж нүүлгэж, захад “харагдахгүй болохоор” орхивол энэ бол хот төлөвлөлт биш, харагдах байдлын засвар төдий ажил. Хотын иргэн төвд амьдардаг нь ч, захад амьдардаг нь ч адилхан татвар төлөгч. Төвийн хүүхэд цэвэр орчинд амьсгалж, захын хүүхэд бохир орчинд өсөх ёсгүй гэдгийг хотын удирдлагууд мэддэг баймаар.
Хотын өнгө үзэмж жаахан ч гэсэн сайжирсан нь сайн хэрэг. Гэхдээ цэвэр цэмцгэр байдлыг зөвхөн төвөөр хэмжигдэг, ойлгодог баймааргүй байна. Хот гэдэг бол нийт иргэдийн амьдрах орчин.
Тиймээс Х. Нямбаатар даргаа нэг л стандарттай байж гэмээнэ Улаанбаатар жинхэнэ утгаараа хот болно гэдгийг ойлгочих хэрэгтэй байна.
А.Усанболор
