ЗЭС 14,000 АМ.ДОЛЛАРЫГ ДАВЛАА:  ЗАСГИЙН ГАЗАР ЗЭСИЙН МӨЧЛӨГИЙГ БОЛОМЖ БОЛГОХ УУ?

2026-01-31
ЗЭС 14,000 АМ.ДОЛЛАРЫГ ДАВЛАА:  ЗАСГИЙН ГАЗАР ЗЭСИЙН МӨЧЛӨГИЙГ БОЛОМЖ БОЛГОХ УУ?

Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ тонн тутам нь 14 мянган ам.доллараас давж, түүхэн дээд түвшинд ирлээ. Зэсийн ханш 14 мянган ам.доллараас давна гэдэг бол дэлхийн эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж буй үзэгдэл. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний шилжилт, геополитикийн тогтворгүй байдал, гео-эдийн засгийн өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотой. Ийм нөхцөлд зэсийг стратегийн ач холбогдол бүхий "макро актив" гэж тооцох нь зүйтэй.

Сүүлийн арван жилд зэсийн үнэ дэлхийн эдийн засгийн мөчлөг, ялангуяа БНХАУ-ын барилгын салбараас хамааран хэлбэлзэж ирсэн байдаг. Харин одоо бол уул ууурхайн салбарт тулгарч буй асуудлаас хамааран үнийн өсөлт "пуужиндаж" байна. Тухайлбал,  Чили, Перу зэрэг гол олборлогч орнуудын зэсийн ордын насжилт, хүдэр дэх зэсийн агууламж бага байх, байгаль орчны бодлогын зохицуулалт,  нийгмийн зөвшөөрөл, эсэргүүцэлтэй тулгарах гэх мэт асуудал нийлүүлэлтийг тасалдуулж байна. Дээрх шалтгаануудад дурдагдаж буй нийгмийн зөвшөөрөл авах асуудал ганц манайд тулгардаг шүдний өвчин биш ээ. Ялангуяа манайх шиг нийгмийн эсэргүүцэл гүнзгий, төсөл гацаагчид ихтэй оронд бол шинэ орд нээх, ашиглалтад оруулах, олборлолт эхлүүлэх нь нь өөрөө эрсдэлтэй хөрөнгө оруулалт. Тиймээс төсөл эсэргүүцэгчдийн үйлдэл ч дэлхийн зах зээл дэх хомстол, үнийн өсөлтөд нөлөөлдөг гэсэн үг. 

Зэсийн эрэлт нийлүүлэлтээ гүйцэхгүй байгаа бас нэг шалтгаан бол цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан дамжуулах сүлжээ, дата төвүүдийн үйлдвэрлэл. Зэс хэмээх өнгөт метал нь эрчим хүчийг үйлдвэрлэх, хадгалах, дамжуулах бүхий л шатанд зайлшгүй шаардлагатай хэвээр байгаа бөгөөд ойрын ирээдүйд ч зэсийг бүрэн орлох технологи бий болох эсэх хь тодорхойгүй байгаа. Мөн дэлхий нийтээрээ ногоог эрчим хүч, ногоон эдийн засаг, ногоон шилжилт ярьж буй өнөө цагт эрэлт нь тасралтгүй өсөх төлөвтэй харагдаж байна.

Тэгвэл бид зэсийн ирээдүйгээс ямар боломж шүүрэх вэ?  Зэсийн үнэ өсөх нь Монгол Улсын экспортын орлого, төсвийн орлого, гадаад валютын урсгал зэрэг макро үзүүлэлтүүд  уламжлал ёсоор богино хугацаанд өсөх буюу нүүрсний экспортын хажуугаар эдийн засагт амьсгаа авах боломж олгож, валютын ханшийн өсөлтийг хязгаарлана гэсэн үг. Монголын зэсийн экспортын гол эх үүсвэр болох Оюу Толгой, Эрдэнэт үйлдвэрийн орлого ч дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өсөлттэй шууд хамааралтай.

Тухалбал зэсийн үнэ 10% өсөхөд экспортын орлого хэдэн зуун сая ам.доллараар нэмэгдэх боломжтой. ААНОАТ, АМНАТ нэмэгдэнэ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар энэхүү "стратегийн цонх" үеийг хэрхэн ашиглах бол?...

Энэ цонх үе бидэнд мөнхийн хэрүүл дагуулдаг ДЦС-ууд, боловсруулах үйлдвэр, зам дэд бүтцээ барих боломжийг олгоно.

Төсвийн алдагдлыг багасгах, гадаад өрийн дарамтыг бууруулах ч  боломжтой.

Монгол Улсын Засгийн газар орлого нэмэгдэхийн хэрээр зардлаа тэлж "Голланд өвчин”-д нэрвэгдэлгүй зөв бодлого баримтлах эсэхийг цаг хугацаа харуулах биз.

Алт 5200 ам доллар хүрлээ, Зэс 14000 ам долларыг давлаа, Газрын ховор элементийн компаниудын үнэлгээ өсөж байна. Харин бид?...

Э.Чинзаяа.