МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТЫН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭЭ

2026-06-15
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НАРЫН УУЛЗАЛТЫН ХЭВЛЭЛИЙН ХАМТАРСАН МЭДЭЭ
Монгол Улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав.
 
Талууд найрсаг уур амьсгалд хэлэлцээ хийж, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн нэгдсэн ойлголцлыг удирдлага болгон Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид тасралтгүй хөгжүүлэхээ нотлов.
 
Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчим болон өөрсдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэхээ дахин нотлов. Мөн талууд нөгөө талын эсрэг чиглэсэн аливаа цэрэг, улс төрийн эвсэлд оролцохгүй, бүрэн эрх, аюулгүй байдалд хохирол учруулах гэрээ, хэлэлцээрийг гуравдагч улстай байгуулахгүй байх, түүнчлэн гуравдагч улсад өөрийн нутаг дэвсгэрийг ашиглуулан нөгөө талынхаа бүрэн эрх, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх явдлыг онцлон тэмдэглэв.
 
Монголын тал “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримтлахаа дахин нотолж, дэлхийд нэг л Хятад улс байгаа бөгөөд Тайвань нь Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар нь бүх Хятадыг төлөөлөх хууль ёсны ганц засгийн газар гэж үздэг. “Тайванийн тусгаар тогтнол”-ыг эсэргүүцэж, Хятад улс энх тайвнаар нэгдэхийг дэмжиж, Төвөд, Хонконг, Шинжаантай холбоотой асуудал нь Хятадын дотоод хэрэг гэж үздэгээ дахин нотлов.
 
Монголын тал энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо танилцуулж, Хятад улс нь мөнхийн хөршийн хувьд гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотлов. Талууд гадаад бодлогын чиглэлээрх яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр болов.
 
Талууд хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, “Бүс ба Зам” болон “Талын зам” санаачилгуудын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулж, өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг шат ахиулж, тус тусын үндэсний онцлогт нийцсэн орчин үеийн хөгжлийн төлөө хамтран ажиллах үүднээс уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэр, дэд бүтэц, харилцан холболт, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
 
Талууд Засгийн газар хоорондын “гурвыг цогцоор” хэлэлцээрийг хамтран хэрэгжүүлж, хил дамнасан төмөр зам зэрэг тохиролцсон бусад томоохон төслүүдийг урагшлуулах замаар Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг бүх талаар гүнзгийрүүлнэ. Хятадын талаас олон аж ахуйн нэгж Монгол Улсад хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг дэмжих бөгөөд монголын тал гадаадын хөрөнгө оруулагчид, түүний дотор Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргана.
 
Талууд соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд болон бусад салбарын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр улсын иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор хүмүүнлэгийн солилцоог цаашид идэвхжүүлэхээр тохиролцов.
 
Талууд олон улс болон бүс нутгийн асуудлаар харилцан санал бодлоо тогтмол солилцож, дэлхий нийтэд нүүрлэж буй сорилтуудыг даван туулахад хамтран ажиллахаар болов. Монголын тал хүн төрөлхтний хамтын ирээдүйн нийгэмлэг байгуулах үзэл санаа, Даян дэлхийн хөгжлийн санаачилга, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга болон Даян дэлхийн засаглалын санаачилгыг дэмжиж байгаагаа дахин нотлов.
 
Хятадын тал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын ач холбогдлыг өндрөөр үнэлж, идэвхтэй оролцоогоо хадгалахаа илэрхийлж, Монгол Улсад энэ онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ нотлов.
 
Дэлхийн II дайны ялалтын үр дүн болон дайны дараа тогтсон олон улсын дэглэмийг сахин хамгаалж, “НҮБ-ын дүрэм”-ийн зорилго, зарчмыг тууштай баримтлан, фашизм болон милитаризмыг сэргээх аливаа оролдлогыг буруушааж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын шударга ёс, эрх тэгш байдлыг хамтдаа хамгаалах нь чухал гэдэгт санал нэгдэв.
 
Талууд Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны үр дүнг эергээр үнэлж, гурван улсыг дэд бүтцээр холбож, тэдгээрийн хөгжлийн стратегийг уядуулах “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх нь бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдалд чухал үүрэгтэй гэж үзэв.
 
Талууд ШХАБ, АПЕК, БРИКС зэрэг олон талт хамтын ажиллагааны үйл явцуудын улс төр, эдийн засгийн нөлөө нэмэгдэж, бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явцыг түргэтгэж буйг онцлон тэмдэглэв. Монголын тал бүс нутгийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны механизмуудыг дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч энэ хүрээнд ойр дотно хамтран ажиллах, түүний дотор ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.