МОНГОЛ, АВСТРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИССЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ
Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 9 дүгээр хуралдааныг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Хуралдааныг монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, австрийн талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын яамны Гадаад эдийн засгийн харилцааны газрын дарга Элизабет Вайссенбөк нар тэргүүлэн оролцов.

Хуралдааны үеэр талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцож, Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 8 дугаар хуралдааны мөрөөр хэрэгжүүлсэн ажлын явц, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, чиглэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Түүнчлэн талууд Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Беллэнийн өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан түүхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэж, айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон ажлууд амжилттай хэрэгжиж буйг онцлов.
Хуралдаанаар талууд худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагаа, аж үйлдвэр, дэд бүтэц, уул уурхай, байгаль орчин, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Тухайлбал, хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг эрчимжүүлэх, Австрийн дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын тэргүүлэх салбаруудад нэвтрүүлэх, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ярилцав. Мөн Австрийн эмнэлгийн тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүч, жижиг, дунд усан цахилгаан станцын технологи, театр, урлагийн байгууламжийн автоматжуулсан систем, төмөр замын дэд бүтцийн инженерчлэл, уул уурхай, эрдэс баялгийн судалгаа шинжилгээ, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Монгол, Австрийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 65 сая еврогийн дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрүүл мэнд, дэд бүтэц, хүний хөгжил болон нийгмийн чухал салбаруудад хэрэгжүүлэхээр тохиролцсон нь хоёр талын харилцааг бодит хамтын ажиллагаагаар баяжуулах, цаашдын түншлэлийг бэхжүүлэх чухал алхам болсныг онцлон тэмдэглэв.
Монгол, Австрийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 9 дүгээр хуралдааны протоколд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Австри Улсын Холбооны Эдийн засаг, эрчим хүч, аялал жуулчлалын яамны Гадаад эдийн засгийн харилцааны газрын дарга Элизабет Вайссенбөк нар гарын үсэг зурав.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хуралдааны хүрээнд Австрийн аж ахуйн нэгж, компаниуд Улаанбаатар хотноо ажиллаж, Монгол, Австрийн бизнес форумд оролцохын зэрэгцээ Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдох уулзалтуудыг хийнэ.








