"ХУУР MUSIC FESTIVAL" ЭНЭ САРЫН 26-27-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2026-06-19
"ХУУР MUSIC FESTIVAL" ЭНЭ САРЫН 26-27-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“Хуур Music Festival” энэ сарын 26–27-нд “Монгол Шилтгээн”-д болно

“Хуур Music Festival” (XMF) энэ сарын 26-27-ны өдрүүдэд “Монгол Шилтгээн”-д зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан зохион байгуулагч болон холбогдох байгууллагуудаас арга хэмжээнд хүрэлцэн очих иргэд, жуулчдад зориулсан тээврийн болон зохион байгуулалтын мэдээллийг өглөө.

Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ жилийн фестиваль нь хөгжмийн олон урсгалыг нэг дор нэгтгэсэн томоохон арга хэмжээ болж байгаа бөгөөд дотоод болон гадаадын нийт зуу гаруй уран бүтээлч, хамтлаг оролцохоор төлөвлөгдөж, нийт таван тайз дээр зэрэг уран бүтээлээ толилуулах юм байна. Фестивалийн хүрээнд зөвхөн хөгжмийн тоглолтоор хязгаарлагдахгүйгээр урлаг, соёлын олон талт хөтөлбөр, үзэсгэлэн, creative орчин, хоол хүнсний бүс зэрэг цогц үйлчилгээ зохион байгуулагдахаар болжээ.

“Хуур Music Festival” нь залуусын соёл, хөгжмийн оролцоог дэмжих зорилготой бөгөөд жил бүр өргөжиж, олон улсын жуулчид болон хөгжмийн сонирхогчдын анхаарлыг татдаг арга хэмжээний нэг болж байгаа юм.

Арга хэмжээг зорин очих иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээнд зохицуулалт хийж байгаа бөгөөд иргэд Ч:37 “Офицеруудын ордон–Гачуурт” чиглэлийн нийтийн тээврийн автобусаар тарифын дагуу үйлчлүүлэн “Монгол Шилтгээн” чиглэлд зорчих боломжтойг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Нийтийн тээврийн бодлогын газрын мэдээлснээр фестивалийн өдрүүдэд зорчигчдын урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжлэх бөгөөд иргэдийг батлагдсан чиглэл, зохицуулалтын дагуу үйлчлүүлэхийг анхааруулж байна.