МОНГОЛ УЛС "COP17" БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙН ЯВЦЫН ТАЛААР НҮБ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

2026-06-19
МОНГОЛ УЛС "COP17" БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙН ЯВЦЫН ТАЛААР НҮБ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Монгол Улс COP17 бага хурлын бэлтгэлийн явцын талаар НҮБ-д мэдээлэл хийв
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэлийн явцын талаар Нью-Йорк дахь НҮБ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчдөд мэдээлэл өгөх арга хэмжээг НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.
 
Байнгын төлөөлөгч арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс тус бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг төдийгүй хариуцлагатай үүрэг болохыг тэмдэглээд, нүүдлийн мал аж ахуйн баялаг уламжлалтай, далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлт нь иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдал болон хөдөө орон нутгийн иргэдэд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг онцлов.
 
Талуудын 17 дугаар бага хурлаар газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, санхүүжилт, шинжлэх ухаан ба бодлогын уялдаа, түүнчлэн эмэгтэйчүүд, залуучууд, уугуул иргэд, малчид болон орон нутгийн иргэдийн оролцоотой холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг танилцуулав.
 
Арга хэмжээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад видео мэндчилгээ дэвшүүлж, бага хурлын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн болон олон улсын оролцооны талаар мэдээлэл өгөв. Мөн НҮБ-ын Байгаль орны хөтөлбөрийн Нью-Йорк дахь захирал Жамил Ахмад оролцож мэдээлэл хийв.
 
Мэдээллийн арга хэмжээний үеэр COP17-ын бэлтгэл ажил, хүлээгдэж буй үр дүн, ложистик зэргийг дэлгэрэнгүй танилцуулж, гишүүн орнуудын сонирхсон асуултад хариулт өгөн санал солилцов.Може да бъде изображение с учене и текстово съобщение