Г.ДАМДИННЯМ: ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

2026-08-04
Г.ДАМДИННЯМ: ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр шатахууны хангамж, газрын тосны салбарын бүтээн байгуулалтын явц болон хөрөнгө оруулалтын асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол Улсын эрчим хүч, шатахууны импортын хамаарлыг бууруулах стратегийн гол төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Сайдын мэдээлснээр, тодорхой хугацаанд саатал үүсээд байсан үйлдвэрийн барилгын ажлыг сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимжүүлж, төслийн хэрэгжилтийг шинэ шатанд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Албаны мэдээллээр үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцэн Дорнод аймгийн Тосон-Уулын ордоос Дорноговь аймаг дахь боловсруулах үйлдвэр хүртэл 530 километр урт газрын тос дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын шатахууны хэрэгцээнийхээ ойролцоогоор талыг хангах боломж бүрдэхээр тооцоолж байна.

Г.Дамдинням мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-тай холбоотой олон жил үргэлжилсэн асуудлыг Засгийн газар шийдвэрлэх чиглэлд бодит ахиц гаргасныг онцлов. Түүний хэлснээр, Монгол Улсад хэрэгжсэн БНХАУ-ын хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болох энэхүү төслийн эрх зүйн болон хамтын ажиллагааны хүндрэлүүдийг шийдвэрлэх нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Түүнчлэн тус компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн шинэчлэх, цаашдын хөрөнгө оруулалт, хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллаж байгааг салбарын яам өмнө нь мэдээлж байсан юм.

Монгол Улс өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээнийхээ дийлэнх хувийг импортоор хангаж байгаа бөгөөд дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор шатахууны хангамжийн тогтвортой байдал сайжирч, импортын хараат байдлыг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж өргөжихийг салбарын яам онцолж байна.