Монголтой хил залгаа "Тастыг орд": ОХУ литийн үйлдвэрлэлээ өргөжүүлж байна.
Монгол орон баялагтай. Баялгаа дагасан хэрүүлтэй. Байгалийн зохилдлогоо нь хүртэл "баян амьдар" гэж бүрэлдчихээд байхад газрын гагнаасыг тасдаж болохгүй гэж зөрөх нь зөвхөн үхэр Монгол араншин.
Манай хоёр хөрш ч баялагтай. Нэг нь цагтаа дэлхийн хамгийн том экспортлогч. Нөгөө нь одоо ч хамгийн том хэрэглэгч байна. Баялаг гэдэг таны мэддэг алт, зэс, нүүрс, газрын тосоор хязгаарлагдахгүй. Эдийн засгийн ач холбогдолтой 100-150 төрлийн ашигт малтмал бий. Хөршүүд чинь өдөр тутамдаа хайгуул, олборлолт, боловсруулалт хийж экспортолж, импортлож түүгээрээ дэлхийн улс орнуудыг сүрдүүлж, өөрсдийн нөлөөгөө тогтоож байхад бид газрын ховроо ч олборлолтын түвшинд хүргэж чадахгүй хэрэлдэж суудаг яачихсан улс юм бэ ингэхэд? Ингэж бодож байгаагүй бол бодоод нэг үзээрэй.
Учир нь монголын хилээс ердөө 10 орчим км-ийн зайд орших Тувагийн “Тастыг” литийн ордыг ОХУ ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Стратегийн ач холбогдол газрын ховор элементтэй эн зэрэгцхүйц маш чухал орд. Яагаад гэвэл Тастыг ордын үндсэн ашигт малтмал нь лити. Лити нь цахилгаан автомашин, эрчим хүч хуримтлуулах систем, дрон, гар утас, зөөврийн компьютер зэрэг өндөр технологийн төхөөрөмжүүдийн батарей үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай түүхий эд юм. Бүр энгийнээр хэлбэл, бидний өдөр тутам хэрэглэдэг хуруу зайнаас эхлээд орчин үеийн батарейн технологийн гол түүхий эд. Энэ орд зөвхөн литийн нөөцөөр хязгаарлагдахгүй. Тантал, ниоби, берилли зэрэг өндөр технологийн үйлдвэрлэлд ашиглагддаг үнэ цэнтэй металлуудыг агуулдаг. Өнөөдөр дэлхий нийтээрээ л нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчний шилжилт рүү уралдаж байна. Үүнтэй зэрэгцэн литийн стратегийн ач холбогдол урьд өмнөхөөсөө хэд дахин өссөн. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцдэг COP-ын бага хурлуудаас л ашигт малтмалын зах зээл хаашаа хэлбийж байгаа нь харагдана. Удахгүй манайд ч COP-17 болно. Бэлчээрийн доройтлын тухай ярихаар цөлжилтийн асуудал хөндөгдөнө. Цөлжилт гэхээр уур амьсгалын өөрчлөлттэй холбогдоно. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярихаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах асуудал гарч ирнэ. Харин ялгарлыг бууруулна гэхээр ногоон шилжилт, ногоон шилжилт гэхээр эрчим хүчний шилжилт, цахилгаан автомашин гээд үргэлжилнэ. Нөгөө л лити, зэс, өнөө л газрын ховор элемент. Бүгд хоорондоо салшгүй холбоотой, нэгэн гинжин хэлхээ
Тэгвэл бид цахилгаан автомашины байнгын соронз, салхин турбин, батлан хамгаалах болон сансрын технологид өргөн хэрэглэгддэг онцгой ач холбогдолтой газрын ховроо ашиглаж хөгжье. Манайд неодим, диспрози, терби, празеодим, лантан, церий зэрэг нийт 17 элементийн бүлэг орд байна. Халзан Бүрэгтэй ч бий. Лугийн гол ч бий. Мушгиа худаг нь ч байна. Өндөр технологийн эринд литийн стратегийн ач холбогдлоос давна уу гэхээс дутахгүй. Эцэст нь юу хэлэх гээд байна гэхээр "Орос ах" нар чинь байгалийн баялгийн нөөцөө ашиглаж болоод байдаг. Хятадууд ч хөгжлөөрөө тасраад байна. Монголчууд яг яачихсан юм бэ?
