ЕВРОПТ ХАЛАЛТЫН ДАВАЛГАА ЭРЧИМЖИЖ БАЙНА

2026-05-25
ЕВРОПТ ХАЛАЛТЫН ДАВАЛГАА ЭРЧИМЖИЖ БАЙНА

Их Британи болон Баруун Европын хэд хэдэн оронд сүүлийн өдрүүдэд агаарын температур 30°C-ийг давж, зарим бүс нутагт 35°C хүртэл халсан байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагууд болон цаг уурын албад халалтын эрсдэл нэмэгдсэн тухай анхааруулга гаргажээ.

Их Британид Лондон болон өмнөд бүс нутгуудад “шар-улбар шар түвшний анхааруулга” зарлаж, өндөр настан, хүүхэд, архаг өвчтэй иргэдийг онцгой анхаарахыг зөвлөсөн байна. Мөн иргэдийг өдрийн хамгийн их халдаг цагт гадаа удаан байхгүй байх, хангалттай шингэн уух, нарны шууд тусгалаас зайлсхийхийг сануулжээ.

Цаг уур судлаачдын мэдээлснээр Европын ихэнх хэсгийг хамарсан өндөр даралтын “халуун агаарын бүрхүүл”-ийн нөлөөгөөр агаарын температур хэвийн хэмжээнээс мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Франц, Испани, Португал зэрэг өмнөд Европын орнуудад 32–38°C хүрч халж байгаа бол Герман болон Бенилюксийн орнуудад ( Бельги, Нидерланд, Люксембур) мөн 30°C орчим температур бүртгэгдэж байна.

Шинжээчид энэ төрлийн эрт үеийн хүчтэй халалт нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд илүү давтамжтай болж байгааг онцолж, цаашид эрүүл мэнд, усны нөөц, ойн түймрийн эрсдэл нэмэгдэхийг анхааруулжээ.

Европын орнуудад халалтын давалгаа үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөхийг уриалж байна.

 

Эх сурвалж: UK Met Office