ЯЛАЛТЫН БАЯРЫН ПАРАДЫН ӨНГИЙГ ШИНЖИХҮЙ...

2026-05-09
ЯЛАЛТЫН БАЯРЫН ПАРАДЫН ӨНГИЙГ ШИНЖИХҮЙ...

2026 оны тавдугаар сарын 9. Фашист Германыг ялсны 81 жилийн ой. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын хувьд энэ өдөр бол түүхэн бахархлын өдөр бөгөөд Эх орны дайнд амиа өргөсөн 27 сая хүнийг дурсан санаж, амьд үлдсэн ахмад дайчдад хүндэтгэл үзүүлдэг онцгой өдөр.

Ялалтын баярын парад 81 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдсан бөгөөд цаашид ч үл тасрах биз. Харин орчин цагт энэхүү парадын гол санаа нь үндэсний үзэл, геополитикийн сүр хүчийг илэрхийлсэн бэлгэдлийн шинж рүү хэлбийж буй.

Өглөөний 10:00 цагт ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Ялалтын баярын парад эхэллээ. ОХУ жилээс жилд энэхүү парадыг цэргийн сүр хүч, геополитикийн нөлөөллөө нэгэн зэрэг харуулах тайз болгон ашиглаж ирсэн. Харин Орос–Украины дайн эхэлснээс хойш ялалтын баяр хэв шинжээ бага багаар өөрчилсөөр байна.

Тодруулбал, энэ жилийн парадын зохион байгуулалтаас ОХУ-ын дотоод нөхцөл байдал илт мэдрэгдэв. Өмнөх жилүүдтэй харьцуулахад сүр хүчийг илтгэдэг хүнд техникүүд бараг оролцсонгүй. Ялангуяа 2010 оноос хойших парадуудад орчин үеийн танк, пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах цогцолбор, стратегийн бөмбөгдөгч онгоцууд тогтмол оролцож, ОХУ үүгээрээ цэргийн хүчин чадлаа харуулахыг зорьдог байв.

Парадын цувааны гол хэсгийг Т-90 танкууд бүрдүүлдэг байлаа. Энэ танк Оросын армийн үндсэн байлдааны танк бөгөөд сүүлийн жилүүдэд фронтод хамгийн өргөн ашиглагдсан техникүүдийн нэг. Мөн шинэ үеийн гэж тодорхойлдог “Армата” платформ дээр суурилсан Т-14 Улаан тайлбайг чимдэг байлаа. Тус улсын Батлан хамгаалах яам энэ танкийг ирээдүйн хуягт хүчний бэлгэдэл болгон сурталчилж, 2015 оны Ялалтын 70 жилийн ойн парадаар анх олон нийтэд танилцуулж байв.

Харин явган цэргийн хуягт техникүүдээс БМП-3 болон БТР-82А Улаан талбайд тогтмол жагсдаг байсан. Эдгээр техникүүд нь цэргүүдийг байлдааны бүсэд тээвэрлэх, галын дэмжлэг үзүүлэх зориулалттай хуягт машинууд. Мөн “Искандер-М” богино зайн баллистик пуужингийн систем парадын хамгийн сүр хүчтэй хэсгүүдийн нэг байв. Энэ системийг өндөр нарийвчлалтай цохилтын зэвсэг гэж үздэг бөгөөд орчин үеийн Оросын армийн гол тактикийн пуужингийн системд тооцогддог.

Үүнээс гадна “Ярс” тив алгасах баллистик пуужин жил бүрийн парадын хамгийн улс төрийн утга агуулгатай техник байлаа. Цөмийн цэнэг тээвэрлэх чадвартай энэ системийг Улаан талбайгаар явуулах нь Оросын стратегийн цөмийн хүчний бэлгэдэл болдог. Агаарын довтолгооноос хамгаалах системүүдээс С-400 “Триумф”, “Бук-М2”, “Тор-М2” зэрэг цогцолборууд оролцож, Оросын пуужингийн хамгаалалтын чадавхыг харуулдаг байсан.

Парадын агаарын үзүүлбэр ч мөн өргөн цар хүрээтэй болдог байв. Тухайлбал, Су-57 үл үзэгдэгч сөнөөгч онгоц, МиГ-31 сөнөөгч, Ту-160 стратегийн бөмбөгдөгч онгоцууд Москвагийн тэнгэрт нисэж, агаарын хүчний сүр хүчийг илтгэдэг байсан. Мөн Ка-52, Ми-28 зэрэг довтолгооны нисдэг тэрэгнүүд тогтмол оролцож, үзэгчдийн анхаарлыг татдаг байлаа.

Тэр дундаа 2015 онд болсон Ялалтын 70 жилийн ойн парад хамгийн сүрлэг арга хэмжээний нэгээр нэрлэгддэг. Тухайн үед 16 мянга гаруй цэрэг, 200 орчим хүнд техник, 140 гаруй нисэх төхөөрөмж оролцсон нь сүүлийн арван жилүүдийн хамгийн өргөн хүрээтэй парад гэж тооцогдож байв. Энэ үеэр Монголын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Улаан талбайд алхсан нь манай улсын хувьд ч бэлгэдлийн өндөр ач холбогдолтой, бахдам үйл явдал болсонтой маргах хүн үгүй биз.

Тэр үеийн парадууд Оросын армийн шинэчлэл, геополитикийн амбицыг харуулдаг байсан бол энэ жилийн хувьд явган цэргийн жагсаал давамгайллаа. ОХУ-ын эрх баригчид үүнийг аюулгүй байдлын асуудалтай холбон тайлбарлаж байгаа ч цаана нь Украины дроны аюул юотож" байгааг нуух аргагүй. Украины тив алгасагч холын зайн пуужингууд аль хэдийн Москвагийн дээгүүр нисдэг болсон шүү дээ. Нөгөө талаар дайны фронтод хүнд техник, зэвсэглэлийн хэрэгцээ асар өндөр байгаа үед Улаан талбайд гол техникүүдээ авчирч жагсаах нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй юм. Эцсийн дүндээ фронт дээр цэргүүдийн амь нас, зэвсэглэлийн бодит хэрэгцээ нэн тэргүүнд тавигдах биз ээ.

Орос–Украины дайн эхэлснээс хойш Владимир Путин Дэлхийн II дайны ялалтын бэлгэдлийг өнөөгийн геополитикийн мөргөлдөөнтэй холбон тайлбарлах нь эрс нэмэгдсэн. Тиймээс парадын цар хүрээ хумигдсан нь тус улсын аюулгүй байдал, эдийн засгийн хүндрэл, дайны аюулыг илтгэж байна.
Парадын бас нэг онцлог нь гадаад улс орнуудын оролцоо буурсан явдал байв. Хэдхэн жилийн өмнө Ялалтын баярын парадад дэлхийн олон орны удирдагчид оролцож, Владимир Путинтэй зэрэгцэн суудаг байсан. Үүгээрээ ч В.Путин Орос орныг дэлхийн хүчний төвүүдийн нэг гэх  легитимийг баталдаг байв. Харин энэ удаа гаднын удирдагчдын оролцоо, цар хүрээ мэдэгдэхүйц хумигдсан нь Орос орон олон улсаас тусгаарлагдаж буйн илрэл мэт харагдав.

Гэвч В.Путин ард иргэдийнхээ итгэлийг сулруулахыг хүсэхгүй. Ирээдүйдээ итгэх итгэлийг нь бөхөөж болохгүй. Тиймээс Ялалтын баярын парад тасрах ёсгүй, ач холбогдол нь ч буурах ёсгүй гэж үзэж буй нь илт. 

Яагаад ч юм Орос орон илүү урт хугацаанд үргэлжлэх "геополитикийн сөргөлдөөнд" бэлтгэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ялалтын парад үргэлжилсээр. Төрийн бэлгэдэл ч хэвээрээ. 

Гэхдээ Дэлхийн II дайны “агуу ялалт” гэх ойлголт өнөөгийн хүндрэлийг тэсвэрлэх ёстой гэсэн үзэл рүү аажмаар хэлбийж байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, парадын зорилго цэргийн сүр хүч харуулахаас илүүтэйгээр дотооддоо иргэдийнхээ сэтгэлзүйн тогтвортой байдлыг хадгалах үйл явц шиг үзэгдэв.

Э.Чинзаяа