ОХУ УКРАИНД ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ, ФОСФОРЫН СУМААР “БОРОО ОРУУЛАВ”

2026-02-28
ОХУ УКРАИНД ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ, ФОСФОРЫН СУМААР “БОРОО ОРУУЛАВ”

ОХУ Донецк мужийн Константиновка хотын орон сууцны хороололд фосфорын сумаар халдлага үйлдлээ. Уг бичлэгийг Украины армийн 28-р механикжуулсан бригад болон хилийн хамгаалалтын “Phoenix” нэгжийн дрон бичиж авчээ. Фосфорын сум нь 800°C-аас дээш халуунд шатдаг бөгөөд хүний арьсанд наалдаж гүн түлдэг, утаа нь амьсгалын замыг хүндээр гэмтээдэг байна. Иймээс энгийн иргэд суурьшин буй бүсэд ашиглахыг олон улсын гэрээгээр хатуу хориглодог. Харин цэргийн зориулалтаар хязгаарлагдмал нөхцөлд утаан халхавч үүсгэх зэрэгт зөвшөөрөгддөг байна. Хэрэв иргэний суурьшлын бүсэд ашиглавал дайны гэмт хэрэгт тооцогдоно. Тус хотод сүүлийн саруудад  халдлага тасрахгүй нөхцөл байдал хүнд байна. Өнөөгийн тооцоогоор Константиновка хотод 2000 орчим иргэн амьдарч буй гэх тоо баримт бий. Украинй засгийн газраас уг халдлагыг "ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГ" хэмээн мэдэгдлээ.

Мөн ОХУ Константиновка хотод фосфорын суман бороо оруулсаныхаа дараа 1.5 тонн тэсрэх чадалтай FAB-1500 агаарын бөмбөг хаясан гэж Украины талаас мэдэгдсэн байна.