Эгийн голын УЦС байгаль нуурын экосистемд нөлөөлөх эсэх дээр Орос Монголын эрдэмтэд хамтарсан судалгаа хийнэ
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын мэдээлснээр Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедиц хил дамнасан Сэлэнгэ мөрний усны дэглэм болон Байгаль нуурын экосистемд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох судалгаа хийхээр болжээ.
Энэхүү ажлыг явуулах шийдвэрийг Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Л. А. Мелентьевын нэрэмжит эрчим хүчний системийн хүрээлэнд болсон төслийн байгаль орчны үнэлгээний асуудал буюу Орос, Монголын эрдэмтэд «Эгийн-Гол» УЦС барихад учрах байгаль орчны болзошгүй эрсдэлийг үнэлэх зорилготой Орос–Монголын хамтарсан ажлын хэсгийн хуралдаанаас гаргав.
2026 онд хоёр улсын мэргэжилтнүүд УЦС-ын байгаль орчинд үзүүлэх боломжит нөлөөллийн үзүүлэлтүүдийг тодорхойлох болон УЦС-ын ажиллах горимд дүн шинжилгээ хийхэд голлон анхаарах бөгөөд үүний үр дүнд голын урсацын байгалийн нөхцөлөөс хазайх хэмжээг хамгийн бага түвшинд барихад чиглэх юм.
Хамтарсан судалгааны эцсийн тайланг 2026 оны арваннэгдүгээр сард Оросын Холбооны Улс болон Монгол Улсын шинжлэх ухааны академиуд, Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байна.
Хуралдааны үеэр эрдэмтэд ус зүйн буюу гидрологийн үйл явцыг загварчлах, станцын ажиллагааны гидравлик загвар боловсруулах ажлын судалгааны явцыг хэлэлцжээ.
Мөн Сэлэнгэ мөрний газрын гадарга, морфодинамикийн судалгаанд онцгой анхаарал хандуулсан байна. Үүний тулд голын суваг, голын голдирлын дижитал загварууд болон усны урсгалыг урьдчилан таамаглах арга хэрэгслүүдийг боловсруулж байгаа бөгөөд эдгээр нь төслийн шинжлэх ухаан-аналитик мэдээллийн санг бүрдүүлэх суурь болох юм.
Монгол Улс болон Оросын Холбооны Улсад 2026 оны хавар хоёр удаагийн хээрийн экспедиц зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэмтэд голын өнөөгийн байдалтай холбоотой шинэ мэдээлэл цуглуулж, боловсруулсан загваруудаа туршиж шалган, тооцооллын параметрүүдийг нарийвчлан тодорхойлох юм.
Сэлэнгэ мөрөн нь Байгаль нуурын хамгийн том цутгал гол бөгөөд ЮНЕСКО-гийн байгалийн өвийн объект юм. Иймээс түүний сав газарт хэрэгжүүлэх аливаа томоохон гидротехникийн төсөл нь байгаль орчинд учрах болзошгүй үр дагаврыг нарийн нягт үнэлж, сөрөг үр дагаврыг бууруулах арга хэмжээг боловсруулахыг шаарддаг.
Орос, Монголын эрдэмтэд «Эгийн-голын УЦС» төсөл Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний байгаль орчинд учруулж болзошгүй үр дагаврыг үнэлэх ажлын завсрын үр дүнг 2025 оны сүүлчээр хэлэлцсэн байна. Монголын тал ирээдүйн цогцолборын хэд хэдэн хувилбарыг авч үзжээ. Үүнд: усан цахилгаан станц, буфер далан, эсвэл улирлын хэлбэлзлийн үед усны урсацыг зохицуулах боломжтой ус хуримтлуулах цахилгаан станцын хувилбарууд багтсан байна.
