КАЗАКСТАН ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ШИНЭ ОРД ИЛРҮҮЛЭВ
Дэлхийн стратегийн ашигт малтмалын зах зээлд шинэ өрсөлдөөн эхэлж байна. Уран олборлолтоор олон жил дэлхийд тэргүүлсэн Казахстан энэ удаа газрын ховор элементийн томоохон орд илрүүлснээ (2026.02.24) зарласан нь олон улсын анхаарлыг татав.
Казахстаны Караганда мужийн нутагт байрлах Жана Казахстан нэртэй газрын ховор элементийн ордод цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, өндөр технологийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай неодим, лантан, церий зэрэг элементүүд агуулагдаж байгаа аж. Урьдчилсан үнэлгээгээр нөөцийн хэмжээг нь 20 сая тонн гэж тогтоожээ.
Хэрэв нөөцийн хэмжээ албан ёсоор баталгаажвал Казахстан улс газрын ховор элементийн томоохон нийлүүлэгчдийн нэг болж дэлхийн геополитик, хүчний тэнцвэр өөрчлөгдөх нь. Үүгээр ч барахгүй Төв Азийн бүс нутаг дэлхийн технологийн түүхий эдийн шинэ төв болж өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.
Төв Азид газрын ховор элементийн томоохон ордууд шил дараалан илэрч буй нь манай эрх баригчдын хувьд анхаарууштай сэдэв. Учир нь Казахстан газрын ховор элементийн шинэ орд нээсэн нь Монгол Улсын хувьд том өрсөлдөгч болно гэсэн үг. Казахстан улс ураны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орны хувьд стратегийн ашигт малтмалын олборлолт, экспортын тогтолцоог аль хэдийн бүрдүүлсэн туршлагатай гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу.
Төрийн өмчит Kazatomprom компаниараа дамжуулан дэлхийн ураны нийлүүлэлтийн 40 хувийг хангаж ирсэн юм чинь уул уурхайн салбарт хуримтлуулсан туршлагаараа манайхаас илт илүүрхэнэ. Тиймээс Төв Азид стратегийн ашигт малтмалын өрсөлдөөн эрчимжих тусам хөрөнгө оруулалтын орчин, бодлогын тогтвортой байдал хөрөнгө оруулалт татах гол шалгуур болно л гэсэн үг. Казахстан улс манайхаас түрүүлээд газрын ховор элементийн салбарт гол тоглогч болж чадвал тус бүс нутгийн геоэдийн засгийн ач холбогдол өснө. Харин бид "цонх үеэ" алдана. Харамсалтай биш гэж үү?
Гэтэл манай газрын ховор элементийн Халзан Бүрэгтэй төсөл яагаад урагшлахгүй байна. Дэлхий даяар нийлүүлэлтийн шинэ эх үүсвэрийн эрэлд "хатаж" байгаа энэ цаг үед Монголд стратегийн нийлүүлэгч болох боломж хамгийн их бий.
Өнөөдрийн байдлаар газрын ховор элементийн олборлолтын 70, боловсруулалтын 90 хувийг БНХАУ хянаж байгаа нь дэлхийн нийлүүлэлтийн эрсдэлийг нэмэгдүүлж буй. Дуртай үедээ нийлүүлтийн крантаа хааж, хориг тавьж, хязгаарлалт хийж байна. Үүний улмаас АНУ, Япон, Европын холбоо зэрэг эдийн засгийн томоохон тоглогчид шинэ нийлүүлэгч орнуудыг идэвхтэй хайж эхэлсэн. Япон далайн ёроолоос газрын ховор элемент илрүүлж, БНСУ Бразилын газрын ховор элементийн уурхайд хөрөнгө оруулж, АНУ Грийнланд, Украины ордод санаархаж, Саудын Араб шинэ орд нээх хайгуулаа эрчимжүүлж их гүрнүүд "хөдөлгөөнд" ороод байгааг манай эрхбаригчид анхаарах ёстой.
Энэ их хөдөлгөөн Монголыг өрсөлдөөнөөс хоцрох уу эсвэл гол нийлүүлэгч болох уу гэх сонголтыг тулгаж байна. Бид яах вэ?
Э.Чинзаяа
