МЕКСИКТ ЮУ БОЛОВ: "CJNG" БҮЛЭГЛЭЛ ШИНЭ УДИРДАГЧТАЙ БОЛОВ
Мексикт гудамжны зэвсэгт мөргөлдөөн эрс нэмэгдэж, хэд хэдэн мужид онц аюултай байдал үүсээд байна. Мөргөлдөөн үүссэн гол шалтгаан нь тус улсын хамгийн хүчтэй гэмт бүлэглэлүүдийн нэг Jalisco New Generation Cartel (CJNG)-ийн удирдагч "Эль Менчо" хочит Немесио Осегера Сервантес алагдсантай холбоотой. Тодруулбал,
2026 оны хоёрдугаар сарын 22-нд Мексикийн зэвсэгт хүчин тусгай ажиллагаа явуулж, “Эль Менчо” хочит Немесио Осегера Сервантесийг хөнөөсөн. Тэрээр CJNG бүлэглэлийн үүсгэн байгуулагч бөгөөд олон жилийн турш Мексикийн эрэн сурвалжлагдаж буй хар тамхины картелийн толгойлогчдын нэг байв.
АНУ болон Мексикийн хууль сахиулах байгууллагуудын хамтарсан тагнуулын ажиллагаа “Эль Менчо” хочит Немесио Осегераг устгах тусгай ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Түүнийг алагдсаны дараахан CJNG бүлэглэлтэй холбоотой зэвсэгт бүлэглэлүүд хэд хэдэн мужид хариу цохилт өгөх ажиллагаа явуулж эхэлсэн байна. Үүнд: гол авто замуудыг хаах, автобус болон автомашин шатаах, гудамжинд буудалцах, бизнесийн байгууллагуудыг галдан шатаах, хотуудыг хэсэгчлэн бүслэх зэргээр Мексикийн Засгийн газарт эсэргүүцлээ илэрхийлжээ. Зарим мужтйн эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, сургууль болон нийтийн үйлчилгээ түр хугацаанд хаагдсан байна. Дэлхийн улс орнууд Мексикээс иргэдээ татаж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.
Мөн аюулгүй байдлын шинжээчид ойрын хугацаанд Мексикийн баруун болон өмнөд бүсүүдэд мөргөлдөөн үргэлжлэх магадлал өндөр байгааг анхаарууллаа. Мексикийн тусгай хүчин нөхцөл байдлыг хяналтдаа авахаар нэмэлт хүч дайлчилж, стратегийн замууд болон томоохон хотуудын хамгаалалтыг чангатгасан байна.
Картель шинэ удирдагчтай болов
Харин өчигдрөөс CJNG шинэ удирдагчтай болсон гэх мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна. Картелийн шинэхэн удирдагч нь "Эль Йогурт” хочтой Абрахам Хесус Амбриз Кано. Тэрээр сүүлийн үед зэвсэгт бүлэглэл доторх нөлөөгөө тэлж буй онц аюултай этгээд гэж зарим хэвлэлүүд онцлоод байна. Абрахам Хесус Амбриз Кано 1997 оны гуравдугаар сарын 16-нд Мичоакан мужийн Апатзинган хотод төрсөн бөгөөд CJNG-ийн дотор “Operativa Yogurt” буюу “Los Yogures” нэрээр танигдсан зэвсэгт бүлгийг удирддаг аж. Түүний удирддаг бүлэглэл Халиско, Кинтана Ру, Колима болон Мичоакан мужийн Сьерра Мадре Оксиденталын бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны тавдугаар сард Мексикийн Тэнгисийн цэргийн хүчин Мичоакан мужийн Уитзонтла хотод түүнийг баривчлах ажиллагаа явуулах үеэр зэвсэгт мөргөлдөөн болсон байна. Мөргөлдөөний үеэр CJNG бүлэглэлийн 12 зэвсэгт этгээд амиа алдаж, 9 гэмт этгээдийг баривчлагдсан ч Амбриз Кано зугтаж чаджээ.
Үүнээс хойш түүнийг картелийн дотоодод өсөн гарч буй шинэ удирдагч гэж үзэх болсон бөгөөд Мексикийн хэд хэдэн мужид хүчирхийлэл нэмэгдэх эрсдэл бий болоод байна. Зарим эх сурвалжид түүний бүлэглэл засгийн газрын эсрэг зохион байгуулалттай халдлага, террорист ажиллагаа өрнүүлж болзошгүй гэж анхааруулав.
Шинжээчдийн үзэж буйгаар CJNG бүлэглэл доторх эрх мэдлийн шилжилт нь бүс нутгийн аюулгүй байдалд шууд нөлөөлж, Мексикийн баруун болон өмнөд хэсэгт зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэх магадлалтай гэж онцлоод буй.
Э.Чинзаяа
