ЯПОН УЛС ДАЛАЙН ЁРООЛООС ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ОЛБОРЛОНО

2026-02-02
ЯПОН УЛС ДАЛАЙН ЁРООЛООС ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ ОЛБОРЛОНО

Япон улс далайн ёроолоос газрын ховор элемент олборлох туршилтыг амжилттай эхлүүллээ. Газрын ховор элементийн зах зээл дэх БНХАУ-ын хараат байдлаас ангижрах стратегийн зорилт тавьсан Японы энэхүү түүхэн туршилт дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Туршилтын хүрээнд Японы Минамитори арлын ойролцоо, далайн 6000 метрийн гүн ёроолоос газрын ховор элемент агуулсан шаврыг татан гаргажээ. Одоогоор уг шаварт ямар элементүүд, хэр хэмжээгээр агуулагдаж буйг тодорхойлох судалгааны ажил үргэлжилж байна.

Хэрэв далайн ёроолоос гаргасан шаварт газрын ховор элемент агуулагдаж буй нь тогтоогдвол Япон улс олборлолтын дараагийн шат руу нэн даруй шилжинэ гэдгээ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 2-нд албан ёсоор мэдэгдэв. Олборлолтын дунд хугацааны төлөвлөгөөнд 2027 оны эхэн гэхэд далайн ёроолоос өдөрт 350 тонн хүртэл шавар татан гаргах хүчин чадалтай технологийг бүтээх зорилт тусгагджээ.

Сүүлийн жилүүдэд Япон, БНХАУ-ын харилцаа эрс хүйтэрч, үүний нөлөөгөөр Хятадаас нийлүүлдэг газрын ховор элементийн хэмжээ хумигдсан нь Японыг нийлүүлэлтийн хомсдолд оруулжээ. Хятад Японыг газрын ховор элементээрээ хяхан хавчсан нь тус улсын үйлдвэрлэл, эдийн засаг цаашлаад үндэсний аюулгүй байдалтай нь шууд холбогдох стратегийн асуудал болж хурцдаад байна. Иймээс далайн ёроолын нөөцийг ашиглах оролдлого нь Японы хувьд стратегийн түүхий эдийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох томоохон алхам гэж шинжээчид үзэж байна.

Гэхдээ далайн ёроолоос газрын ховор элемент олборлох нь өндөр өртөгтэй, дэвшилтэт тоног төхөөрөмж, инженерийн шийдэл, байгаль орчны нарийн зохицуулалт шаардсан хүндхэн төсөл юм. Гэсэн ч энэхүү төсөл амжилттай хэрэгжиж чадвал газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтын шинэ салбар бий болж, шинэ инновац хөгжихийн зэрэгцээ дэлхий нийт зөвхөн Хятадаас хараат бус өөр эх үүсвэртэй болох бодит боломж нээгдэнэ.

Уг төслийнхөө хүрээнд Япон улс Их Британи, АНУ зэрэг улсуудтай хамтран ажиллаж, стратегийн түншлэл байгуулахаар зорьж байна. Ингэснээр дэлхий даяар газрын ховор элементийн шинэ нийлүүлэлтийн сүлжээ бүрдэж, цаашдын хомсдол, геополитикийн эрсдэлээс хамтдаа сэргийлэх боломж бүрдэх юм. Далайн ёроолын олборлолт асар их хөрөнгө оруулалт шаардах тул Япон улс АНУ, Их Британитай хамтран ажиллаж буйг зарим шинжээчид онцолж, үүнийг санхүү, технологийн эрсдэлийг хамтран үүрэх ухаалаг шийдэл болно гэж дүгнэж байна.

Хэрэв Япон улс энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал далайн ёроолоос газрын ховор элемент олборлосон дэлхийн анхны жишээ болохын зэрэгцээ бусад улс орнуудад загвар туршлага болж чадна. Мөн Япон улс газрын ховор элементийн зах зээлд нөлөө бүхий тоглогч болж, дэлхийн геополитик, эдийн засгийн бодлогыг тодорхойлох юм. Учир нь хэнд газрын ховор элемент байна. Тэр бүхнийг удирдах технологийн эрин зуунд бид амьдарч байна.

Э.Чинзаяа