ДАВОСООС БОГИНО ВИДЕОТОЙ — From Davos with Ray-Ban Reels

2026-01-27
ДАВОСООС БОГИНО ВИДЕОТОЙ — From Davos with Ray-Ban Reels

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын эдийн засгийн чуулганд оролцоод ирсэн. Үр дүнд нь нэг богино видео-той иржээ. Мета болон Ray Ban-ны хамтрал ухаалаг нүдний шилийг PR-даад ирж. Улс орон чинь таныг нүдний шил PR-даад ир гэсэн үү. Уул уурхайдаа хөрөнгө оруулалт татах боломж хайгаад ир гэсэн үү Ерөнхий сайд аа?

Ерөнхий сайд Г.Занданшатар Давосын эдийн засгийн чуулганд ямар бэлтгэлтэй очив, үр ашиг хэр байв, хэрхэн хөрөнгө оруулалт татах хэлэлцээ хийв гэх мэт хийсэн ажлынхаа дүнг тайлагнаж богино видео хийх байв. Тэгж чадаагүй юм аа гэхэд үгүй ядаж “Энхийн зөвлөлд” элслээ. Энэ зөвлөлд бид ийм алсын хараатай элссэн. Ингэснээр манай улсын ирээдүй, гуравдагч хөршийн бодлого, энхийг эрхэмлэсэн, нээлттэй олон тулгуурт гадаадын бодлоготой яв цав нийцнэ гэх шүү юм өөрөө яриад үр дүнгийн видео хийж болох л байв.

Ерөөсөө л Давосын эдийн засгийн чуулган гэдэг чинь бэлтгэл муу бол “PR аялал”, бэлтгэл сайтай бол хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт татах талбар шүү дээ. Гэтэл цаана чинь бусад улсууд уул уурхай, боловсруулах үйлдвэр, эрчим хүч, ногоон эрчим хүч, логистсик, геополитик, AI, финтек, засаглалыг дижиталд шилжүүлэх гээд маш олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр урьдчилсан байдлаар тохирцгоогоод хамтралаа олоод, нэгнээ дэмжих хэлэлцээнүүдээ хийцгээсэн байна. Айлын хүүхүүд ийм айхтар... 

Ерөнхий сайд яагаад критикал минерал, алт, зэс, уул уурхай том төслүүдээ хөдөлгөх алхам хийж хөрөнгө оруулагчдад танилцуулсангүй вэ. Дагаж явсан сайд нар чинь ямар гэрээ үзэглэцгээв. Маш тодорхой маш бэлдсэн хэчнээн төслөө танилцуулав даа?

Таныг Давост айлчилж явахад ард чинь Улаанбаатарт тоггүй байлаа. Уул уурхайн өнгөтэй өөдтэй төслийг чинь бүлэг шантаажчид бужигнуулж байлаа. Ийм улс ардаа үлдээчээд Давост нүдний шилний богино видео хийхээсээ ичих ёстой. Хэн зөвлөж хэн PR-даад байна. Яаж ийм мэдлэггүй, дэлхий ертөнц хааш явж буй тухай наад захын ойлголтгүй байдаг юм.

Эцэст нь ганц Г.Занданшатар гэлтгүй манай төрийн өндөрлөгүүдийн PR богино видео яг нэг түвшинд гацсан. Тархи оюун сэтгэлгээ нь зөвхөн зэвсэг хүчин, буу шийдэм, бие хамгаалагч, онгоцноос буух, тусгай хамгаалалттай машины цуваа, гар барих, намирч буй төрийн далбаан дээр нэмээд сүржин ая дэвсэх идеологтой. Ямар ч асуудлын шийдэл, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт байхгүй. Одоо болно. Сэтгэлгээний хайрцагнаас гарцаа. Төсвийн мөнгөөр богино хэмжээний “тэнэг кино” үзмээргүй байна.

Дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүдийн PR цаг үеэ дагаад богино видео-д шилжсэн ч манайх шиг байдаггүй. Тэд ажлын үр дүнгээр айлчлалаас ямар үр өгөөжтэй буцаж ирсэнээ зөөлөн өнгө аясаар тайлагнаж, дүрс план бүр нь гүн гүнзгий утга агуулга бүхий байдаг. Та бүхэн Дональд Трампын богино видео-нуудын сонирхоод үзээрэй. Дэлхийн номер нэг зэвсэгт хүчинтэй Америкийн Ерөнхийлөгчийн богино видео ч байлдах гэж байгаа юм шиг сүржин байдаггүй шүү. Та бүхэн The white house-н хуудас руу орж сонирхоод үзээрэй.

Э.Чинзаяа