МОЛДОВА РУМЫНТЭЙ НЭГДЭХ ҮҮ?

2026-01-22
МОЛДОВА РУМЫНТЭЙ НЭГДЭХ ҮҮ?

Молдовын Ерөнхийлөгч Мая Сандугийн саяхан хийсэн мэдэгдлийн дараа, Ерөнхий сайд Александру Мунтеану өнгөрсөн долоо хоногийн сүүлээр өөрийн саналд үндэслэн Румынтэй нэгдэхэд санал өгөх болно гэдгээ хэлжээ. Мөн Гадаад хэргийн сайд Михай Попшой ижил байр суурьтай байгаагаа илэрхийлж, уг нэгдэл нь Орос улс хилд хэт ойртвол шаардлагатай арга хэмжээ болж болохыг тайлбарласан байна.

Попшой 1 дүгээр сарын 19-нд Radio Moldova телевизэд ярихдаа, Орос улс аль хэдийн 2014 оноос Манай хилийн ойролцоо байрлаж ирсэн гэдгийг онцолжээ.

Тэрээр, Молдова Улс Румынтай нэгдэх санал асуулгад хэрхэн санал өгөх талаар асуухад, Румын улсын иргэншилтэй хүмүүст энэ асуултын хариу илт ойлгомжтой байх ёстой гэж онцолсон байна. Одоогоор Молдова Улсад 3.3 сая хүн санал өгөх эрхтэй, үүнээс 1 сая нь Румын улсын иргэншилтэй аж.

Молдова Румынтай нэгдэх асуудал нийтийн анхаарлын төвд орсонтой холбоотойгоор Орос улс шүүмжлэлтэй ханджээ. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ тухай өчигдөр хэлсэн үгэндээ, Молдовын Ерөнхийлөгчийн санал болгосон нэгдлийн талаарх санал асуулга нь тус улсын төрийн бүрэн эрхт байдлыг устгах аюултай гээд, эрх баригчдыг Оросын эсрэг сурталчилгаа явуулж, Европын Холбоонд захирагдаж байна гэж буруутгасан.  

Харин Ерөнхийлөгч Санду саяхны мэдэгдлүүддээ яг одоо 2 улс нэгдэх эсэх санал асуулга явуулах төлөвлөгөө батлагдаагүй гэдгийг дурдаад, асуудал гарвал ийм санал асуулга зайлшгүй хэрэгтэй болохыг онцолсон.

Молдовын эрх баригчид нэгдлийг санал асуулгаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа бол, судалгаагаар иргэдийн 61.5% нь нэгдлийг эсэргүүцэж, 31% нь дэмжиж байна. Ихэнх иргэд Европын Холбоонд нэгдэх замыг илүү дэмжиж байгаа юм. 

Харин сөрөг хүчин буюу Оросыг дэмжигч Социалист нам Румынтай нэгдэх санааг хүчтэй эсэргүүцэж, үүнийг Молдовын тусгаар тогтнол, улсын бүрэн эрхт байдалд заналхийлж болзошгүй гэж үзэж байна. Тэд Ерөнхийлөгч Санду болон эрх баригчдын байр суурийг улс төрийн хувийн зорилготой, олон нийтийн санааг хангалттай тусгаж чадаагүй гэж шүүмжилдэг. 

Румыны Засгийн газар энэ асуудал дээр албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй ч иргэдийнх нь олонх нь Молдовын тусгаар тогтнолыг хүндэтгэн, шууд Румынтэй нэгдэхийг дэмжихгүй, Молдова улс бие даасан улс байж, Европын холбоонд нэгдэх замаар тогтвортой байдлаа хамгаалах нь илүү зохистой гэж үзэж байна.