ДОНАЛЬД ТРАМП ХҮСЭЛДЭЭ ХҮРЭВ ҮҮ?

2026-01-22
ДОНАЛЬД ТРАМП ХҮСЭЛДЭЭ ХҮРЭВ ҮҮ?

Ерөнхийлөгч Дональд Трамп Давосын эдийн засгийн чуулганд үг хэлэхдээ,

“АНУ олон жилийн турш Дани болон Европын холбооны орнуудыг тариф ногдуулахгүйгээр ‘дэмжиж ирсэн’, харин одоо Дани хариу барих цаг нь болсон. БНХАУ, ОХУ Гренландыг сонирхож байгаа нь дэлхийн энх тайванд аюул учруулж байна. Дани улсын хувьд Грийнландыг хамгаалах чадваргүй, харин АНУ л Грийнландыг хамгаалж чадна” гэжээ.

Мөн тэрээр, "Даниас гадна Норвеги, Швед, Франц, Герман, Их Британи, Нидерланд, Финланд зэрэг улсууд Грийнландыг хамгаалах ‘тоглолт’ руу орж буй нь тун ‘аюултай тоглоом’ бөгөөд дэлхийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Үүнтэй холбогдуулан 2026 оны 2-р сарын 1-нээс эхлэн эдгээр орнуудын АНУ-д экспортлох бүх бараанд 10 хувийн тариф, 2026 оны 6-р сарын 1-нээс 25 хувийн тариф ногдуулна” гэж байна.

Дээрх улсуудад ногдуулах тариф нь АНУ Грийнландыг “худалдан авах” тохиролцоонд хүрэх хүртэл үргэлжилнэ гэсэн байна.

Дональд Трампын хэлж буйгаар АНУ 150 гаруй жилийн турш Грийнландыг өөрийн эзэмшил болгох оролдлогыг хийж ирсэн. Харин Дани улс АНУ-ын хүсэлтэд байнга татгалзсан хариу өгсөөр ирсэн гэв. Харин одоо пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан Бөмбөгөр” нэртэй орчин үеийн системийг ажиллуулахын тулд Грийнландыг заавал АНУ-ын мэдэлд авах шаардлагатай болсон хэмээн тайлбарлажээ.

Эцэст нь Дани болон дээр дурдсан бусад орнуудтай хэлэлцээ хийхэд АНУ нээлттэй гэдгээ илэрхийлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахын тулд хатуу арга хэмжээ авах нь зайлшгүй гэж онцолсон байна

Дональд Трампын энэхүү мэдэгдэл нь өнөөгийн олон улсын харилцаа, аюулгүй байдалтай ноцтой зөрчилдөнө. Учир нь Грийнланд бол Данийн автономит нутаг дэвсгэр хэвээр бөгөөд АНУ-ын зүгээс худалдаж авах саналыг илэрхийлсээр байгаа нь XXI зууны олон улсын эрх зүйн дүрмээр хэрэгжих боломж огт байхгүй. 

Мэдээж дайн гаргахгүй бол шүү дээ. (Гэхдээ энэ бол тусдаа яригдах сэдэв).

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд “БНХАУ, ОХУ Грийнландыг авах гэж байна” гэсэн мэдэгдэл баримтаар нотлогдоогүй ч олон улсын харилцаан дахь геополитикийн ашиг сонирхлын үүднээс бол “хоосон хадлага” биш ээ. Яахав, Дональд Трамп Давосын эдийн засгийн чуулганд зориулж стратегийн түгшүүр бий болгох тактик хэрэглэсэн байж болно.

Ерөнхийдөө БНХАУ-ын Грийнланд дахь ашиг сонирхол нь голчлон уул уурхай, дэд бүтэц, шинжлэх ухааны судалгааны хүрээнд байдаг бол ОХУ-ын ашиг сонирхол Арктикийн бүсийн ерөнхий бодлогын нэг хэсэг байдаг.

Юутай ч Дональд Трамп Давосын эдийн засгийн чуулганы индрээс Грийнландыг авах ашиг сонирхлоо илэрхийллээ. Грийнландыг АНУ-д өгөхгүй бодлогыг хатуу баримталж буй Дани болон Европын холбоонд 25 хувийн татвар ногдуулах нь АНУ-ын тариф мэдээж Дани, Герман, Франц, Их Британи зэрэг гол холбоотнуудынх нь эсэргүүцэлтэй тулж, НАТО дотор урьд байгаагүй зөрчил үүсгэнэ.

Ерөнхийдөө эдгээр улсуудын удирдагчид ч АНУ-ыг “дэлхийн цагдаа” хэмээн ёгт шүүмжилсээр ч буй. Үр дүнд нь Европ өөрийн батлан хамгаалах, эдийн засгийн бие даасан бодлогыг эрчимжүүлэх нь ойлгомжтой. Учир нь өнгөрсөн жил Украиныг ОХУ-д буулт хийх ёстой хэмээн Дональд Трамп В.Зеленскийд шахалт үзүүлснээр Европ АНУ-аас сэрэмжлэх нь нэмэгдсэн.

Цаашид АНУ-ын олон арван жил баримтлан хөгжүүлсэн “эвслийн капитал” нурах уу?…

Э.Чинзаяа