КАМЧАТКАД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАВ

2026-01-18
КАМЧАТКАД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАВ

ОХУ-ын Камчатка мужийн нийслэл Петропавловск-Камчатский хотод цасан бүрхүүл 5 метрээс давжээ.

Тус хотод олон хоног дараалан үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан зарим хэсэгт 3–5 давхар орон сууцны өндөртэй тэнцэх хэмжээнд хүрсэн байна. Энэ нь Камчаткад сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн хүчтэй циклон гэж мэргэжилтнүүд онцолжээ. Улмаар хотод онц байдал зарласан байна.

Одоогийн байдлаар хотын гудамж, орон сууцны орц гарц, хашаа талбайг их хэмжээний цас бүрхэн тогтож, зарим хэсэгт цахилгаан тасарч, зам тээврийн хөдөлгөөн бүрэн зогссон талаар мэдээлжээ.

Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр, гудамж болон орон сууцны орц гарцыг дарсан цасыг цэвэрлэх ажил эхэлсэн бөгөөд иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Учир нь гамшгийн улмаас цахилгаан хангамж, харилцаа холбооны сүлжээ доголдох тохиолдлууд бүртгэгдсээр байгаа аж.

Мөн орон нутгийн зах, худалдааны төвүүд, үйлчилгээний зарим байгууллага түр хугацаанд хаагдаж, нөхцөл байдал тогтворжоогүй хэвээр байна. Их хэмжээний цас байшингийн дээвэр дээр хуримтлагдан нурж, үүний улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.