Х.НЯМБААТАРЫГ УНАГАХ МАН АЖИЛЛАГАА

2026-01-12
Х.НЯМБААТАРЫГ УНАГАХ МАН АЖИЛЛАГАА


Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаснаас хойш МАН доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл огт намжсангүй. Харин ч ил цагаандаа гарсаныг Х.Нямбаатар руу чиглүүлсэн акц харуулж буй. Төрийн ордон, фракцуудын өрөөнд өрнөж байсан “нанчилдаан” одоо Улаанбаатар хотын захиргаа, хотын бодлого, хотын даргын суудал руу чиглэж байна. 
Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар, хотын дарга Х.Нямбаатар хоёр нийслэлийн мөсөн гулгуурын талбай үзэж явахад UB Cab-ийнхан гэнэт гарч ирсэн. Тэд нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй такси үйлчилгээний салбарыг дэмжсэн бодлогыг эсэргүүцсэнээр Х..Нямбаатарыг чиглэсэн сошиал дайралт албан ёсоор эхэлсэн. 
Х.Нямбаатар бол бууж өгдөг улстөрч биш. Сошиалд ч, бодит талбар дээр ч мөчөөгөө өгдөггүй хэрүүлч. 
Х.Нямбаатар бол зүгээр нэг хотын дарга биш. Нийслэлийн МАН-ыг гартаа атгаж, хотын санхүү, татвар, газар, лицензтэй холбоотой шийдвэрүүдийг зангидаж яваа, Л.Оюун-Эрдэнийн нийслэл дэх хамгийн чухал улс төрийн тулгуур болсон хүн. Тиймдээ ч Х.Нямбаатараас нийслэлийг авах, Нийслэлийн МАН-ыг Л.Оюун-Эрдэнээс салгах буюу түүний үлдсэн нөлөөг цохих улстөрийн зодоон эд өрнөж байна. Нийслэлийн татварын газрын дарга нарын Дубай дахь зугаалга ойрын өдрүүдийн ярианы бай болоод буй. Төсөв зардал нь хаанаас гарсан нь тодорхойгүй ч татвар төлөгчдийн мөнгө лав биш гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан ховон дундаа хавчуулж харагдсан. Тэгэхээр Х.Нямбаатар халааснаасаа гаргасан байж мэдэхээр. Тэнд явсан хэд дотор л “дарины үзүүр” байгааг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. “Хааныг түшмэл нь нухдаг” гэдэг бичигдээгүй хууль бий. Яг үүгээр ч болж буй. Дубайчдыг Монголд газардахаас өмнө ажлаас нь халахыг Ерөнхий сайд Г.Занданшатар ТЕГ-ын даргад даалгасан нь Х.Нямбаатарыг хэдийнэ тоншоод эхэлсэн гэсэн үг. Ийн Дубай ажиллагаа амжилттай хэрэгжиж, нэг сумаар нэлээд хэдэн туулай буудчихлаа. МАН доторх  “Үеэлүүдийн бүлгэм” нурах нь цаг хугацааны асуудал болж мэдэхээр байна. Ах намын луугарууд одоо хөзрөө холиод сууж буй. Нийслэл бол тэдний хувьд зайлшгүй авах ёстой стратегийн бүс. Тиймдээ ч Х.Нямбаатарыг муухай харагдуулах ажиллагаа долоо долоо хоногоор үргэлжилж, хотын даргын суудал нь ганхаж эхэллээ. Х.Нямбаатарыг гудамжинд гаргачихвал дараагийн ажиллагаа аймгууд руу чиглэх нь хууль. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа. Албан тушаалаасаа хусагдахаас айсан дунд шатны хурган дарга нар сонгуулийн үеэр амиа тавин зүтгэх нь ойлгомжтой. Харин гудамжинд лааз өшиглөж яваа хэсэг нь хутгаа ирлээд суугаа, боломж олдвол араас нь дүрэхэд бэлэн...