АМЕРИК, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР НЭГНЭЭ ХАРИЛЦАН АЙЛЧЛАХЫГ УРИВ

2025-06-06
АМЕРИК, ХЯТАДЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР НЭГНЭЭ ХАРИЛЦАН АЙЛЧЛАХЫГ УРИВ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинтэй утсаар холбогдож, Женевт болсон эдийн засгийн уулзалт үр дүнтэй болсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Тодруулбал, энэ оны тавдугаар сард хоёр орны төлөөлөгчид харилцан тарифийн талаар хэлэлцсэн юм.
 
Ши Жиньпин уг үеийн хэлэлцээний үр дүн, шаардлагыг Хятад улс нухацтайгаар хэрэгжүүлж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж, АНУ-ын зүгээс мөн адил хүндэтгэлтэй бөгөөд журмын дагуу хэрэгжүүлэхийг уриалсан байна. Тэрбээр мөн АНУ-ын тал өмнө нь гаргасан ахиц дэвшлийг хүлээн зөвшөөрч, Хятадын эсрэг авч буй сөрөг арга хэмжээгээ арилгах ёстой гэж мэдэгджээ.
 
Трамп өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ши Жиньпинтэй утсаар холбогдож, ярилцсан нь үр дүнтэй болсон гэж мэдэгджээ. Хоёр орны удирдагчид 90 орчим минут утсаар ярилцсан бөгөөд гадаад харилцаа, эдийн засаг худалдаа, цэрэг арми, хууль сахиулах зэрэг салбарын харилцаа холбоогоо нэмэгдүүлж, зөвшилцөлд хүрч, үл ойлголцлыг арилгаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн байна.
Трамп мөн 2 орны төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын талаар тодотгоод, хэд хэдэн маргаантай сэдвийн талаар санал бодлоо солилцсоноо дурджээ.
 
Харин тусгаар тогтнолд тэмүүлсэн салан тусгаарлагчид Хятад, Америкийн харилцаанд саад хийж, тэр байтугай мөргөлдөөний аюултай талбарт татан оруулахаас болгоомжлохын тулд Вашингтон Тайванийн асуудалд хянамгай хандах ёстой гэж Ши Жиньпин онцолсон байна.
 
Цаашид Женевийн хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ээлжит уулзалтыг аль болох хурдан хийх ёстой гэдэгт талууд санал нэгдсэн байна.