Эдийн засаг, хөгжлийн сайд Л. Гантөмөр: Давхар зээлтэй 350 мянган иргэн байна
Нэг хүнд ноогдох ДНБ 6890 ам долларт хүрсэн
Эдийн засгийн өсөлтийг 2024 онд 6.5 хувьд хүргэнэ гэж харж байсан ч оны төгсгөлд 4.9 хувьтай гарсан. Нэрлэсэн дүнгээрээ эдийн засаг 80 их наядад хүрсэн. Нэг хүнд оногдож байгаа ДНБ-ийг 6800 ам.долларт хүргэнэ гэж төлөвлөж байсан бол 6890 ам.долларт хүрсэн. Нэг хүнд ногдох ДНБ -ийг 10 мянган ам.доллар руу хүргэх зорилго руу алхаж чадсан жил байлаа. Эдийн засгийг чирч байгаа салбар бол уул уурхай. Уул уурхайн салбарын өсөлт 10.8 хувьтай гарсан. Гол эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрээгүй үндсэн шалтгаан бол алт олборлолт 5 тонноор бага гарсан. Алт олборлолтыг 17 тоннд хүргэх зорилт тавьсан байсан хүрээгүй, 12.6 тонноор хязгаарлагдсан. Сүүлийн үед Засгийн газар дээр алт олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, төв банк хэрхэн худалдан авах талаар ярьж байна.
Нүүрсний үнэ 35 хувиар унасан
Нүүрсний биет хэмжээ 7 хувиар нэмэгдсэн ч үнэ 35 хувиар унасан. Биет хэмжээний нэмэгдэл явж байгаа ч үнэ огцом уналттай холбоотойгоор төсөөлснөөс 11 хувийн уналттай явж байна. Нөгөө талдаа сайн мэдээ нь зэсийн баяжмал өндөр өсөлттэй байгаа. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор экспортын хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Оюутолгойн талбай дээр өнөөдөр 200 сая ам.долларын зэс байна. Экспорт 11 хувиар унасан харагдаж байгаа ч Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортлох юм бол 1.8 тэрбум ам.долларын борлуулалт бэлэн байна. Оюутолгойн зэсийн баяжмалыг саад тотгоргүйгээр гаргах асуудлыг шийдэх ёстой. Төмрийн хүдрийн худалдаа идэвхжиж байна, бирж дээр арилжаа нэмэгдэж байна, экспорт ч цаашаа нэмэгдэх төлөвтэй байна. Бирж ямар үед идэвхтэй байна вэ гэхээр түүхий эдийн үнэ өсөж байгаа үед идэвхтэй, үнэ унаж байгаа үед арилжаа явахгүй байна. Төмрийн хүдэр дээр үнэ өснө гэдэг хүлээлт байгаа учраас идэвхтэй байгаа бөгөөд 256 мянган тонныг арилжаалж чадсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард 1.7 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж байсан, нэг үгээр хэлбэл үнэ өсөлттэй байсан учраас. Иймд урт хугацаанд тогтвортой гэрээнүүд нь гарцаагүй ноёлох юм байна. Богино хугацааны худалдааг нээлттэй үлдээгээд урт хугацааны гэрээгээр хийх борлуулалт гарцаагүй юм байна гэдгийг өнөөдрийн биржийн нөхцөл байдал харуулж байна.
2024 онд 1 тэрбум ам.долларын автомашин импортоор авсан
Жил ирэх бүр импорт нэмэгдэж байгаа. Энэ жил мөн адил импорт нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглээний бүтээгдэхүүн дээр 2024 оны нэгдүгээр сард 369 сая ам.долларын бараа импортолсон бол энэ оны нэгдүгээр сард 402 сая ам. долларын бараа импортолсон нь 9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Суудлын автомашины импорт 16 хувиар өссөн. Өнгөрсөн жил 1 тэрбум ам.долларын машин импортолсон бол энэ жил дахиад давтагдана. Тиймээс импортоо хэрхэн зохицуулах вэ, импорт дээр ямар бодлого барих вэ гэдэг нь сорилт болж байна. Импортыг хамгийн их урамшуулж байгаа юм нь мөнгө. Импорт нэмэгдэж байгаа нь тоо талаасаа сөрөг харагдавч эдийн засгийн идэвхжилийг харуулж байна. 2024 оны нэгдүгээр сараас 2025 оны нэгдүгээр сарын хооронд зээлийн гаралт 31 .2 хувиар нэмэгдсэн. Цалингийн зээл 44 хувь, тэтгэврийн зээл 29 хувь, хадгаламж барьцаалсан зээл 19 хувиар өссөн байна. Нийт зээлд эзэлж байгаа зээлийн 31 хувь нь хэрэглээний зээл. Хэрэглээний зээл нь явсаар байгаад машин, хувцас руугаа очиж байна.
Давхар зээлтэй 350 мянган иргэн байна
Хамгийн ноцтой нь банк, банк бус дээр давхар зээлтэй 350 мянган иргэн байна. Үүний өр авлагын харьцаа 79 хувьд хүрсэн бөгөөд өөрөөр хэлбэл олж байгаа орлогынхоо 80 хувийг зээлэндээ төлж, үлдэж байгаа 20 хувиар нь амьдардаг. Банкин дээр байгаа зохистой харьцаа бол 55-60 хувь байх ёстой. Олж байгаа орлогынхоо 55 хувийг зээлэнд төлж, үлдсэн мөнгөөр нь амьдрах. Ингэж байж банк болон санхүүгийн байгууллага эрүүл байдаг. Гэтэл манайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан, Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байна. Зээлийн мэдээлэл дутуу дулимаг байна. Нэг банк нөгөө банк бусаасаа зээлдэгчийн мэдээллийг авч чадахгүй байна. Ойрын үед Санхүүгийн зохицуулах хорооноос өр авлагын харьцааг бууруулах талаар тодорхой ажил хийнэ гэдэг хүлээлт байна. Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийнэ гэж харж байгаа. Мөнгөний бодлого дээр эдийн засаг идэвхжихийн хэрээр санхүүгийн хариуцлагагүй байдал ноёлсон ийм нөхцөл байдал руу шилжиж байна. Тийм учраас санхүүгийн хариуцлага руугаа зөв яваад, тавьдаг хуулийнхаа шаардлагыг биелүүлээд явах ёстой. Валютын нөөцийн тухайд тогтвортой байна. Өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Оюутолгой дээр хуримтлагдсан 200 сая ам. долларын бараа гарахад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас валютын нөөц тогтвортой, цаашдаа нэмэгдүүлээд явах ёстой.
