Боксчин Причард Колон 33 насандаа таалал төгслөө

2026-08-14
Боксчин Причард Колон 33 насандаа таалал төгслөө

Пуэрто-Рикогийн мэргэжлийн боксчин, боксын ертөнцийн хамгийн эмгэнэлт түүхүүдийн нэг болсон Причард Колон 33 насандаа таалал төгслөө. Түүний нас барсан тухай аав Ричард Колон мэдээлсэн байна. 

Причард Колон мэргэжлийн бокст 16 дараалсан ялалт байгуулж, 16-0 гэсэн төгс амжилттай, 13 тулаанд өрсөлдөгчөө нокаутаар ялсан ирээдүйтэй тамирчин гэгдэж байв. Гэвч 2015 оны аравдугаар сарын 17-нд Террел Уильямстай хийсэн тулаан түүний амьдралыг бүрмөсөн өөрчилжээ.

Тулааны үеэр Колон толгойн ар хэсэгт хэд хэдэн хориотой “rabbit punch” цохилт дагзандаа авчээ. Тулааны дараа Причард Колоны бие нь муудаж, хувцас солих өрөөнд ухаан алдан унасан бөгөөд эмнэлэгт хүргэгдэн тархины хүнд гэмтэл, цус хуралттай болох нь тогтоогдсон байдаг. Улмаар яаралтай мэс засал хийлгэсэн ч тэрээх 221 хоног комд байсан байна. 

Комоос гарсны дараа Причард Колон тархины хүнд гэмтлийн улмаас байнгын асаргаанд орсон юм. Түүний 
аав ээж хүүгийнхээ эмчилгээ, сэргээн засах үйл явцыг олон жилийн турш тууштай хийлгэжээ. Хамгийн эмгэнэлтэй нь Причард Колон 2015 оны тэр тулаанаас хойш дахин хэзээ ч мэргэжлийн рингэнд гарч чадаагүй юм. Түүний нас барах болсон яг тодорхой шалтгааныг гэр бүлийн зүгээс одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.

Харин 2021 онд Дэлхийн боксын зөвлөл (WBC) Причард Колонд “Honorary World Champion” буюу Хүндэт дэлхийн аварга цол олгож, түүний тэмцэл, тэсвэр хатуужлыг боксын ертөнцөд онцлон хүндэтгэсэн байна.

Тэгвэл хориотой цохилт хийсэн Террел Уильямс эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байдаг. Мөн Причард Колоны гэр бүлийн 2017 онд гаргасан $50 саяас дээш нэхэмжлэлд Уильямсыг хариуцагчаар оруулаагүй байна. Учир нь нэхэмжлэл нь рингийн эмч Ричард Эшби болон тулааны зохион байгуулагчд руу чиглэжээ. Тулааны үеэр Террел Уильямс Причард Колоны толгойн ар хэсэгт хориотой цохилт (“rabbit punch”) хийсэн хэмээн шүүгч нэг оноо хасаад өнгөрсөн. Эмч болон зохион байгуулагчид Причард Колоны толгой өвдөж, эргэж байгааг мэдсээр байж тулааныг үргэлжлүүлсэн гэж үзжээ. Тус хэргийн маргаан олон жил үргэлжилсэн бөгөөд эцэслэн шийдэгдээгүй байна.