АВТОБЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЛЭЭ

2026-08-05
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар шатахууны нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор автобензин болон дизель түлшний онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа.

Энэ асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан бөгөөд Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром нефть” болон бусад компани, мөн БНХАУ, БНСУ-аас нийт 86 мянга 460 тонн АИ-92 автобензин, 1280 тонн АИ-95 автобензин, 178 мянга 650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна.

Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал болон Орос, Украины дайнаас үүдэлтэй дэлхийн зах зээлийн тогтворгүй байдал үргэлжилж, шатахууны үнэ өссөн хэвээр байна. Үүний улмаас наймдугаар сард импортын хил үнэ нэмэгдэж, зарим эх үүсвэрээс авах шатахууны үнэ тонн тутамд 1200-2000 ам.долларт хүрчээ.

Ийм нөхцөлд дотоодын зах зээлд үүсэх үнийн дарамтыг бууруулах зорилгоор шатахууны гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна.

Ерөнхий сайд Н.Учрал “Шатахуун түлш бол айл өрх бүрийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудал. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас үүдэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана” гэдгийг онцоллоо.

Тэрбээр мөн шатахууны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлт, түгээлтийн мэдээллийг иргэдэд тогтмол, ил тод хүргэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Түүнчлэн 33 жилийн дараа анх удаа хэрэгжүүлж буй шатахууны нөөцийн 22 сав, агуулах барих ажлын явцыг олон нийтэд тогтмол мэдээлэх шаардлагатайг тэмдэглэсэн байна.

Засгийн газрын “Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор:

  • Бүх төрлийн шатахуун, газрын тосны бүтээгдэхүүнийг хилээр шуурхай нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах ажлыг зохион байгуулах;
  • Шатахууны импортын гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 1 хүртэл 0 хувиар тогтоох;
  • Гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх;
  • Шаардлага хангасан зөвшөөрлийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх;
  • Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтэд тулгарч буй саадыг арилгах;
  • Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, байгууллагуудад үүрэг болголоо.

Засгийн газар дэлхийн зах зээлийн өөрчлөлтөөс үүдэх эрсдэлийг бууруулах, дотоодын шатахууны хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.