БҮХ ШАТАНД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИЖ, НАЙР НААДАМ, ЗӨВЛӨГӨӨН, ГАДААД ТОМИЛОЛТЫГ ХОРИГЛОЛОО

2026-08-05
БҮХ ШАТАНД ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИЖ, НАЙР НААДАМ, ЗӨВЛӨГӨӨН, ГАДААД ТОМИЛОЛТЫГ ХОРИГЛОЛОО

Засгийн газрын хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

Шинэ тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэгийн санхүүжилт, эрүүл мэндийн салбарын зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаа болон төрийн байгууллагын үндсэн зардлуудыг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Харин зайлшгүй шаардлагагүй хурал, зөвлөгөөн, ой тэмдэглэх арга хэмжээ, гадаад томилолт, зочин хүлээн авах зардал, шаардлагагүй тоног төхөөрөмж, автомашины худалдан авалт, зарим сургалт, урамшуулал, тэтгэмжийн зардлыг хязгаарлахаар болжээ.

Төсвийн хэмнэлтийн горим 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих бөгөөд эрүүл мэндийн салбар энэ зохицуулалтад хамаарахгүй байна. Хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, ханиадтай тэмцэх зэрэг зайлшгүй ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Засгийн газраас мэдээллээ.

Мөн бүх шатны төсвийн байгууллагад урсгал зардлаа 20 хувиар бууруулах, шинэ орон тоо бий болгохгүй байх, цахилгаан, дулааны хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг өгсөн байна.