ХИЙМЭЛ ОЮУН УХААН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ СОРИЛТ БОЛЖ БАЙНА

2026-08-04
ХИЙМЭЛ ОЮУН УХААН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ СОРИЛТ БОЛЖ БАЙНА

Хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил нь улс орнуудын аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалт, тагнуулын байгууллагуудын үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт авчирч эхэлж байгааг Их Британийн Засгийн газрын Харилцаа холбооны төв (GCHQ) анхаарууллаа.

Их Британийн нууц мэдээлэл, цахим аюулгүй байдлын асуудлыг хариуцдаг тус байгууллагын захирал Анн Кист-Батлер мэдэгдэл хийхдээ, технологийн дэвшил болон олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтөөс үүдэн улс орнууд аюулгүй байдлын шинэ сорилтуудтай нүүр тулж байгааг онцолжээ.

Түүний хэлснээр, хиймэл оюун ухаан нь их хэмжээний мэдээллийг богино хугацаанд боловсруулах, болзошгүй аюул заналыг эрт илрүүлэх, цахим халдлагаас хамгаалах боломжийг нэмэгдүүлж байна. Гэвч үүний зэрэгцээ уг технологийг буруу зорилгоор ашиглах эрсдэл нэмэгдэж, халдлага үйлдэгчдийн арга улам боловсронгуй болж болзошгүйг анхааруулжээ.

GCHQ-ийн мэдээлснээр, сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, эрчим хүч, санхүү, харилцаа холбоо зэрэг чухал салбаруудыг чиглэсэн цахим халдлага нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа зарим улс орны дэмжлэгтэй бүлэглэлүүд мэдээлэл цуглуулах, чухал дэд бүтцэд нэвтрэх оролдлого хийх болсон нь олон улсын аюулгүй байдлын анхаарал татсан асуудлын нэг болжээ.

Тус байгууллага хиймэл оюун ухааныг ашиглан цахим халдлагыг илрүүлэх, хамгаалалтын арга хэмжээг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа боловч хүний хяналт, хариуцлагатай хэрэглээ хамгийн чухал хэвээр байгааг онцолж байна.

Их Британийн Үндэсний цахим аюулгүй байдлын төвийн мэдээллээр, улс орны чухал дэд бүтэц, байгууллагуудыг чиглэсэн цахим халдлагын эрсдэл нэмэгдэж байгаа бөгөөд улс орнууд мэдээллийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд илүү их анхаарах шаардлагатай болжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, хиймэл оюун ухаан нь нэг талаас улс орнуудын хамгаалалтын чадавхыг нэмэгдүүлэх шинэ боломж болж байгаа бол нөгөө талаас цахим халдлага үйлдэгчдийн ашиглаж болох хэрэгсэл болж байна.

Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухааныг эдийн засаг, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт ашиглахын зэрэгцээ үндэсний аюулгүй байдал, мэдээллийн хамгаалалтын бодлогоо шинэчлэхэд анхаарч эхэллээ.

Судлаачдын үзэж буйгаар, ирэх жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжлийн өрсөлдөөн нь зөвхөн технологийн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд улс орнуудын аюулгүй байдал, мэдээллийн бие даасан байдлыг тодорхойлох чухал хүчин зүйл болох төлөвтэй байна.