АНУ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГАА ТҮР ХОЙШЛУУЛЖ, ИРАНТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЛҮҮЛНЭ

2026-08-03
АНУ ЦЭРГИЙН АЖИЛЛАГААГАА ТҮР ХОЙШЛУУЛЖ, ИРАНТАЙ ХЭЛЭЛЦЭЭ ЭХЛҮҮЛНЭ

ВАШИНГТОН. /Reuters/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг төлөвлөж байсан цэргийн ажиллагааг түр хойшлуулж, хоёр улсын хооронд дипломат яриа хэлэлцээг дахин эхлүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдлээ. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудсанд нийтэлсний дараа Нью Жерси мужид сэтгүүлчидтэй уулзах үеэрээ дахин баталгаажуулсан байна.

Дональд Трампын хэлснээр, Ираны тал болон Персийн булангийн бүс нутгийн зарим улс нөхцөл байдлыг цэргийн аргаар бус, яриа хэлэлцээгээр зохицуулах санал тавьжээ. Үүнтэй холбогдуулан АНУ цэргийн ажиллагаагаа түр түдгэлзүүлж, дипломат сувгаар асуудлыг шийдвэрлэх боломжийг ашиглахаар болсон байна.

Тэрбээр мөн АНУ, Ираны төлөөлөгчид наймдугаар сарын 3-ны өдөр уулзаж, хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээлжээ. Хэлэлцээний үеэр Ираны цөмийн хөтөлбөр болон дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн стратегийн чухал гарц болох Ормузын хоолойн аюулгүй байдлын асуудлыг голлон хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Харин уулзалт хаана болох, ямар түвшний төлөөлөгчид оролцох талаар Цагаан ордон одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Үүний зэрэгцээ Ираны тал Ормузын хоолойн усан тээврийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Оманы зуучлалтай хийж буй яриа хэлэлцээ үргэлжилж байгааг мэдэгдсэн боловч АНУ-ын Ерөнхийлөгчийн дурдсан зарим мэдээллийг албан ёсоор батлаагүй байна. Тегеран цөмийн хөтөлбөр нь энхийн зориулалттай гэсэн байр сууриа дахин илэрхийлжээ.

АНУ дипломат гарцыг сонгосон тухай мэдээлэл гарсны дараа олон улсын зах зээл эерэг хариу үзүүлж, Брент төрлийн газрын тосны үнэ нэг өдрийн дотор тав орчим хувиар буурсан байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал богино хугацаанд тогтворжих төлөв ажиглагдсан нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг тодорхой хэмжээнд бууруулжээ.Trump says Iranian president wants ceasefire - World - Aaj English TV