БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСТАЙ АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

2025-12-04
БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСТАЙ АВТОТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад 2025 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд хийсэн төрийн айлчлалын хүрээнд Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Итали Улсын Дэд бүтэц, тээврийн дэд сайд Эдоардо Рикси нар гарын үсэг зурав.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Дэд бүтэц, тээврийн яаманд зочилж дэд сайд Эдоардо Рикситэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцав.

Энэ жил тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх ажилд тээврийн салбарын хамтын ажиллагаагаар хувь нэмрээ оруулж хоёр талын хооронд тээврийн харилцааг зохицуулдаг гол хэлэлцээр болох агаарын харилцааны хэлэлцээр болон автотээврийн харилцааны хэлэлцээрийг тус тус энэ жил байгуулсныг талууд онцлон тэмдэглэж салбарын харилцаа шинэ түвшинд дэвшин гарч байгаад санал нэгдэв.

Эдгээр хэлэлцээрүүд нь хоёр талын хоорондын худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг бараа бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох үйл ажиллагааг эрх зүйн таатай орчин нөхцлөөр хангах чухал үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хоёр улсын хооронд иргэд харилцан зорчих, аялал жуулчлал, соёл урлагийн харилцаа зэрэг олон чиглэлээр харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрийг оруулах юм.

Бүгд Найрамдарх Итали Улстай байгуулж буй энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Европын улс орнуудтай тээврийн харилцаа холбоог сайжруулах, илүү чөлөөтэй болгож хөнгөвчлөхөд чиглэсэн бодлогын хүрээнд хийгдэж буй баримт бичиг бөгөөд одоогийн байдлаар Европын улсуудтай байгуулсан 12 дахь хэлэлцээр болж байна.